|
| ТВ-9 ТЕЛЕВИЗИЙН ТАНИЛЦУУЛГА
ТВ-9 телевиз нь 2003 онд байгуулагдан “Цаг тутамд өөрчлөгдөж буй мэдээллийн зуунд үзэгчдийн хүсэл сонирхол, эрэлт хэрэгцээнд нийцсэн мэдээллийн орон зайг бий болгож, хэвлэл мэдээллийн салбарын манлайлагч байна” гэсэн эрхэм зорилго тавин ажиллаж байна.
ТВ-9 телевизийн уран бүтээлчид аливаа нэгэн улс төр, эдийн засгийн бүлэглэлээс ангид байж, редакцийн бие даасан, хараат бус байдлыг эрхэмлэн дээдэлсний үр дүнд үзэгч олны талархлыг хүлээсэн, ёс зүйтэй, мэргэжлийн телевизийг хөгжүүлж, мэдээллийн талбарт өөрийн дуу хоолой, өвөрмөц өнгө төрхөө бий болгож чадлаа.
Өдрийн турш тасралтгүй 24 цагийн эфир цацдаг дэлхийн телевизийн жишиг стандартыг Монголд анхлан танилцуулсан бол хамгийн сүүлд Монгол орны 22 аймгийг бүхэлд нь хамарсан үндэсний мэдээллийн ИНФО сүлжээг байгууллаа.
22 аймаг дахь сурвалжлагчаараа дамжуулан өдөр бүр мэдээллийн хөтөлбөрөөрөө аймаг, орон нутгийн аж амьдралтай холбоотой мэдээллийг шуурхай хүргэж байна.
Олон улсын жишгийн дагуу хувийн арилжааны телевизүүд дотроос анхлан олон нийтийн зөвлөлийг байгуулан ажиллаж байна.
Телевизийнхээ дэргэд Дотно FM 103.6 радиог бий болгож эрэмбээрээ монголын шилдэг 5-д орлоо.
Түүнчлэн спорт, танин мэдэхүйн дагнасан 2-р сувгаа нээж, хэвлэл мэдээллийн зах зээлээ тэлсэн.
“ТВ9-II” суваг нь үзэгчдийн нарийвчилсан судалгаа дээр үндэслэн, хүссэн нэвтрүүлгээ, хүссэн үедээ үздэг “Телевиз үзэгчдийн хамтын харилцан оролцооны интерактив хэв шинжийг бүрдүүлж, спорт, танин мэдэхүй, урлаг уран сайхан, мэдээ мэдээлэл гэсэн программын сүлжээг хэвшүүлэн ажиллаж байна.
МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн Ц. Энхбат, МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн найруулагч О. Соёлт, МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн зураглаач Б. Донров нарын арвин туршлагатай ахмадаар удирдуулсан залуу чадварлаг, ихийг бүтээх эрмэлзэл дүүрэн эрч хүчтэй багийг бүрдүүлэн, техник технологийн хувьд хамгийн орчин үеийн дуу дүрсний тоон системээр үзэгчдэд чанарын өндөр түвшинд хүргэж байна.
Монгол улсын газар нутгийн хаанаас ч гэсэн VSAT төхөөрөмжөөр олон улсын хиймэл дагуул ашиглан арга хэмжээ, мэдээ, мэдээллийг шууд дамжуулан хүргэх боломжтой.
ТВ-9 телевиз нь 2008 онд Монголын хэвлэлийн хүрээлэнгээс гаргасан судалгаагаар телевизийн салбарт 7 хоногт цацаж буй нэвтрүүлгийн цагаар бусад өрсөлдөгч телевизүүдээс /МҮТВ, ТВ-5, 25-р суваг телевиз, Улаанбаатар телевиз/ “Хамгийн их хүртээмжтэй телевиз”-ээр шалгарсан юм.
Мөн Монголын телевизүүдийн холбооны шилдгүүдийг шалгаруулах “Алтан шонхор” наадмын 2006 оны “Шилдэг зураглаачдын алба”, 2007 оны “Шилдэг Спортын алба”, 2007 оны “Шилдэг Инженер, техникийн алба”, Монголын телевизүүдийн холбооны 2007, 2008 оны хошой шагналт “Шилдэг кино алба”, Монголын Маркетингийн холбооноос шалгаруулдаг 2007 оны “Шилдэг маркетингтэй телевиз”, Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 2008 оны “Шилдэг Мэдээллийн хөтөлбөр” тус тус шалгарсан билээ.
ТВ-9 телевизийн хувьд спортын уралдаан, тэмцээний талаархи мэдээ, спортын амьдралын тухай мэдээллийг өдөр тутмын мэдээллийн хөтөлбөрөөр цацахын зэрэгцээ тив, дэлхийн томоохон тэмцээн, үндэсний хэмжээний уралдаан тэмцээнийг бүрэн эхээр нь шууд дамжуулж ирлээ.
Азийн телевизүүдын холбоо /ABU/-ны гишүүний давуу эрхээ эдэлж, Бээжин-2008 олимпийн наадмыг шууд дамжуулах эрх авч Бээжин 2008-зуны олимпийн 29-р наадмыг үзэгчидэдээ 16-н өдрийн туршид 1, 2-р сувгуудаараа шууд дамжуулан үзүүлж үзэгчид спорт сонирхогчдынхоо талархлыг хүлээлээ.
|