TV8

Responsive image

Монголын далбаатай хулгайн анчид живсэн байна

2015-04-10

Антарктидын ойролцоогоос эхлэн Баруун Африкын эрэг хүртэл 110 өдөр байгаль хамгаалагчдаас зугтсаны эцэст Монгол улсын далбаатай хулгайн загас агнуурын хөлөг живжээ. “Thunder” нэртэй энэ хөлөг хулгайн загас агнуурын хэргээс болоод Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан. “Sea Shepherd” нэртэй байгаль хамгаалагчдын хөлөг онгоц тэдний араас мөрдсөөр Гвинейн буланд хүрэх үед “Thunder” онгоц живж, хөлгийн багийн 40 гишүүнийг байгаль хамгаалагчид аварсан гэнэ. Гэвч байгаль хамгаалагчид тэднийг хэргийн баримтаа нуухын тулд зориудаар хөлгөө живүүлсэн гэдэгт итгэлтэй байна. Харин байгаль хамгаалагчид аврагдсан хүмүүсийн гар утаснаас хориотой загас агнуурын үйл ажиллагаа явуулж байсан баримтууд илрүүлсэн талаар өгүүллээ. “Thunder” буюу Аянга хөлөг онгоцыг 2013 оны 12-р сард Шинэ Зеландын засгийн газрын хүсэлтээр Интерпол мөрдөх болсон. Интерполын эрэн сурвалжлах бичиг баримтад дурдсанаар “Thunder” хөлөг нь хууль бус үйлдлээ нуухын тулд нэр болон улсын бүртгэлээ удаа дараа сольж, Монгол болон Нигери улсын далбаан дор сэлгэн аялдаг байжээ. Одоогийн эзэмшлийн хувьд ч тодорхойгүй, Испани, Сейшелийн арлууд, Нигери улсуудад өмнө нь бүртгэлтэй байсан талаар эх сурвалжууд мэдээллээ.

tv9.mn

 


Холбоотой мэдээ