TV8

Responsive image

В.Путин Эрдоган нар уулзалдав

2015-06-18

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Туркийн төрийн тэргүүн Режеп Тайып Эрдоган нар Азербайжаны нийслэл Баку хотод уулзаж хэлэлцээр хийв. ОХУ болон Туркийн Ерөнхийлөгчид Оросын байгалийн хий нийлүүлэх хоолой татах, түүнчлэн Сирийн асуудлыг хэлэлцжээ. Хэлэлцээрт ОХУ-ын талаас Гадаад хэргийн болон Эрчим хүчний сайд нар, мөн “Газпром” компаний захирал оролцсон байна. Турк, Оросын төрийн тэргүүн уржигдар эхэлсэн Европын анхдугаар тоглолтын нээлтийн ажиллагаанд оролцохоор Бакуд хүрэлцэн ирсэн аж. Хоёр Ерөнхийлөгч хэлэлцээр хийхээс өмнө сэтгүүлчидтэй уулзсан байна. Сэтгүүлчид Азербайжан дахь хүний эрхийн асуудлаас болж өрнөдийн орнуудын удирдагчид Бакуд ирээгүй талаар асууж сонирхжээ. Тэгэхэд В.Путин “Европын Холбоонд элсэх хүсэлтэй Турк улс Бакуд тэднийг орлож байна” гэж хариулсан байна. Түүнчлэн Владимир Путин Азербайжаны Ерөнхийлөгчтэй уулзаж Нагорный Карабах бүс нутгийн талаар хэлэлцсэн байна. Өнгөрсөн баасан гаригийн орой Азербайжаны нийслэл Баку хотод  Европын анхдугаар тоглолт эхэл­сэн билээ. Нээлтийн ажиллагаанд В.Путин, Эрдоган нараас гадна Серб, Черногор, Беларусь, Туркмен, Тажикстаны Ерөнхийлөгчид, Люксембургийн хаанхүү Анри, Монако улсын хунтайж Альберт II, Сан-Марино улсын удирдагчид оролцсон байна. Энэ сарын 28-ныг хүртэл үргэлжлэх Европын анхдугаар тоглолтод хөгшин тивийн 50 орны тамирчид спортын 20 төрлөөр 253 багц медалийн төлөө өрсөлдөх аж.

tv9.mn


Холбоотой мэдээ