TV8

Responsive image

ОХУ тив алгасах пуужингийн хэмжээг нэмэгдүүлнэ

2015-06-18

АНУ танк, их буу, явган цэргийн машин зэрэг 1200 ширхэг хүнд зэвсгийг Балтийн тэнгис, Европын зүүн бүсэд орших НАТО-гийн гишүүн орнуудад байрлуулах асуудал олон нийтийн анхаарлыг татаад байна. Тодруулбал, Болгар, Латви, Литва, Эстони, Польш, Румын зэрэг улсуудад нийтдээ 5000 хүртэлх цэрэгтэй армийг бүрэн зэвсэглэх тухай асуудал яригдаж байгаа аж. Цагаан ордон Балтийн тэнгисийн орнуудад хийдэг цэргийн сургуулилтын техник хэрэгслийг зөөхөд төсөв санхүүгийн асуудал хүндээр тусч байгаа учир дээрх саналыг тавьсан хэмээн тайлбарлаж байна. Одоогоор Польш уг саналыг хүлээж авсан ба удахгүй болох НАТО-гийн гишүүн орнуудын уулзалтаас өмнө албан ёсоор батална гэж мэдэгджээ. Вашингтоны энэхүү үйлдлийг ОХУ ихээхэн шүүмжилж байгаа бөгөөд 1997 онд гарын үсэг зурсан Орос-НАТО-гийн харилцааны санамж бичгийн үндсэн заалтуудыг зөрчиж байна гэж үзжээ.Түүнчлэн Оросын зүгээс НАТО-гийн эсрэг хариу арга хэмжээг авч эхлээд байна. Ерөнхийлөгч В.Путин энэ жил ОХУ-ын зэвсэглэлд 40 ширхэг тив алгасагч баллистик пуужин ашиглаж эхэлнэ гэж мэдэгджээ. Энэ нь Оросын армийг шинэчлэх өргөн хүрээтэй хөтөлбөрийн нэг хэсэг гэж тэрээр тайлбарласан юм. Харин НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг В.Путинийг аюултай шийдвэр гаргалаа хэмээн зэмлэн буруушаасан байна. ОХУ энэ жил цөмийн зэвсгийн нөөцөд тив алгасагч 40 баллистик пуужинг нэмнэ хэмээн ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр /VI.16/ мэдэгдэв. Мөн тэрээр ОХУ-ын хилийн ойролцоо пуужин эсэргүүцэх системүүд байрших болсонд санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Путиний мэдэгдлийн дараа АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри “Хэн ч хүйтэн дайны үеийнх шиг нөхцөл байдлыг хүсээгүй” хэмээн мэдэгдсэн байна. Өмнөх өдөр нь АНУ ОХУ-ын хилийн ойролцоох НАТО-гийн гишүүн орнуудад хүнд зэвсгээ байршуулан хадгалах тухай мэдээлэл тарсан юм. АНУ, ОХУ нь хоёул 2010 онд Стратегийн зэвсгийг бууруулах гэрээнд нэгдсэн билээ. Уг гэрээний дагуу аль аль нь 1550 хүртэл цөмийн хошуутай байж болох боловч стратегийн цөмийн пуужин хөөргөгч тоог 2018 он гэхэд 800 байхаар тогтоосон юм.

tv9.mn


Холбоотой мэдээ