TV8

Responsive image

ЗХЖШ-ын даргаар генерал Д.Давааг зөвшилцөж дэмжлээ

2015-06-19

Шинэ хуулиар Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг ерөнхийлөгч томилно. Гэхдээ УИХ-тай зөвшилцөж байж томилох ёстой. Энэ үүднээс УИХ-аар нэр дэвшигч Д.Давааг зөвшилцлөө.

ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд дараагийн хүнийг томилохоор УИХ-тай зөвшилцөх нэрийг оруулсан юм. ЗХЖШ-ын цэргийн хангалт, үйлчилгээний газрын дарга, бригадын генерал Д.Давааг томилуулах асуудлыг УИХ-аар хэлэлцлээ.

Шинээр томилогдохоор зөвшилцөж байгаа генералаас гишүүд монгол цэргийн бодлого, дэлхийд монгол улсын батлан хамгаалах салбарын гүйцэтгэх үүргийн нөлөөг ихэсгэх гэх мэт асуудлыг захихаас гадна, улсын аюулгүй байдлын баталгаа болсон энэ салбарт улс төржилтөөс ангид байлгахыг үүрэг болгож байлаа. БХЯ нь улс төрийн томилгоотой мэргэжлийн бус хүмүүс байдаг. Тиймээс энэ захиас их үнэ цэнэтэй болж таарч байгаа. Нөгөө талаар цэрэг жагсааж сонгууль өгүүлдэг асуудал одоо ч гишүүдийн анхаарал татсан асуудал болоод байгаа юм.

Д.Даваа нь 1963 онд Ховд аймгийн Буянт суманд төрж, Сэлэнгэ аймагт өсөж торнижээ. ЗХУ-ын Вольск хотын Цэргийн ар талын дээд сургууль, Санкт-Петербург хотын Цэргийн ар тал, тээврийн академийг Цэргийн ар талын команд штаб, оператив тактикийн мэргэжлээр төгссөн байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч түүнийг батлан хамгаалах салбарт 30 гаруй жил ажилласан, хуульд заасан шалгуурыг хангаж байгаа гэж үзэж энэхүү албан тушаалд томилуулахаар зөвшилцөх саналаа ирүүлснээр зөвшилцөж дэмжлээ.

tv9.mn

 


Холбоотой мэдээ