TV8

Responsive image

Грект санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжтойг хэлэлцэж байна

2015-06-25

Хэмнэлтийн хатуу бодлого баримталж буй Грект санхүүгийн дэмжлэг үзүүлэх талаар Евро бүсийн орнуудын төрийн тэргүүнүүд Бельгийн нийслэл Брюссель хотноо хэлэлцэж байна. Грекийн Засгийн газар өрийн асуудлаа шийдвэрлэх урт хугацааны арга замыг хайж, улмаар хугацаа нь дуусах дөхөж буй санхүүгийн тусламжийн хөтөлбөрийн хугацааг сунгахаар ажиллаж байгаа юм. Тодруулбал, санхүүгийн дэмжлэгийн хөтөлбөр дуусах эцсийн хугацаа энэ сарын 30. Тиймээс Грек Евро бүсэд үлдэх эсэх асуудлаарх төрийн тэргүүнүүдийн уулзалт үргэлжилж буй энэ долоо хоногт Евро бүсээс тусламж хүссэн. Евро бүсийн төрийн тэргүүнүүдийн уулзалт өнгөрөгч даваа гарагийн орой эхэлж, Грект санхүүгийн дэмжлэг үзүүлэх талаар яаралтай дээд хэмжээний уулзалтыг нээжээ. Улмаар энэ үеэр дэмжлэг үзүүлэх нөхцөл болгож, Грекийн Засгийн газрын шинэ бүтцийн шинэчлэлийн төлөвлөгөөний талаар хэдэлцсэн байна. Шинэчлэлийн төлөвлөгөөнд тулгамдсан асуудлын нэг болоод буй тэтгэврийн зардлыг бууруулахын тулд төрийн алба хаагчийн эрт тэтгэвэрт гарах тогтолцоог хянаж үзэх гэх зэрэг заалтууд тусгагджээ. Эхний өдрийн уулзалтын төгсгөлд Евро бүсийн төрийн тэргүүнүүд дээрх асуудлыг дэлгэрэнгүй авч үзэх шаардлагатай гэсэн шийдвэрт хүрсэн. Европын зөвлөлийн Ерөнхийлөгч Дональд Туск уулзалтын дараа зарласан хэвлэлийн хуралд “Грекийн шинэ санал нь маш эерэг алхам боллоо” хэмээн онцолжээ. Өнөөдөр Евро бүсийн сангийн сайдуудын уулзалт болох бөгөөд ерөнхийдөө энэ долоо хоногтоо багтааж, Грект Евро бүсээс санхүүгийн тусламж үзүүлэх эсэх асуудал шийдэгдэх төлөв ажиглагдаж байгааг эх сурвалжууд тэмдэглэж байна. Түүнчлэн, хэлэлцээрийн явцын тухайд Германы канцлер “Мэдээж урьдын адил олон нягталж үзэх шаардлагатай асуудлууд байна” хэмээн тэмдэглэжээ. Түүний хувьд шинэчлэлийн төлөвлөгөөний агуулгыг хянах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлж буй бол Олон улсын валютын сангийн захирал Кристин Маделин Одетт Лагард ч гэсэн “Замын төгсгөлд хүрэх хараахан болоогүй байна” хэмээн Грект дэмжлэг үзүүлэх асуудалд болгоомжтой хандаж буйгаа илэрхийлсэн байна. 

tv9.mn

 

 


Холбоотой мэдээ