TV8

Responsive image

Төрийн тамганы хөшөөнд цэцэг өргөлөө

2014-12-30

Хөшөөнд Монгол төрийн үе үеийн тамганы дардсыг сийлсэн байдаг. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 103 жилийн ойн баярын өдөр тохиолоо. Энэ хүрээнд Төрийн ордны хойд цэцэрлэг дэх Монгол төрийн тамганы хөшөөнд төрийн гурван өндөрлөг болоод УИХ, Засгийн газрын гишүүд төрийн тамганы хөшөөнд цэцэг өргөлөө. Цэцэг өргөхөд Хүндэт харуул жагслаа. Тэртээ 103 жилийн өмнө монгол түмэн Наймдугаар Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд өргөмжилж, таван яам бүхий анхны Засгийн газар байгуулагдаж, туурга тусгаар Монгол Улсыг сэргээснийг дэлхий дахинд тунхагласан билээ. Тиймээс энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон, өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай болсон юм. Ийнхүү энэ өдөр Монгол тамганы хөшөөнд цэцэг өргөн Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 103 жилийн ойн хүндэтгэл үзүүлдгийн учир нь Монгол төрийн үе үеийн тамганы дардсыг сийлсэн байдаг тул тусгаар улсын баталгаа болсон тамгаа дээдлэн залдагтай холбоотой. Энэ хөшөөний нүүрэн талд нь Монгол Улсын Далай хааны тамганы дүрслэл, баруун талд нь Богд хаант Монгол Улсын төрийн тамга, хойд талд нь 1924 онд Улсын анхдугаар их хурлаас баталсан БНМАУ-ын их хурлын тамга, зүүн талд нь ардчилсан тогтолцоог сонгосон өнөөгийн Монгол Улсын төрийн тамганы дардсыг сийлсэн байдаг. Түүнчлэн тамганы бариул хэсгийг сууж буй бар хэлбэрээр хийж, сууринд нь нүүдэлчин овгуудын тамганы дүрсийг сийлжээ. Нүүрэн талд байрлах тамганы бичээст “Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол Улсын далай хааны зарлиг, ил булхай иргэн дор хүрвээс биширтүгэй, аюутугай” хэмээн бичсэн байдаг юм. Ийнхүү Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 103 жилийн ойн өдөр төрийн өндөрлөгүүд төрийн тамганы хөшөөндөө хүндэтгэл үзүүлж цэцэг өргөлөө.


Холбоотой мэдээ