TV8

Responsive image

Хууль зүйн байнгын хорооны гишүүд байнгын хорооноосоо татгалзлаа

2015-07-06

Хууль зүйн байнгын хорооны гишүүд байнгын хорооноосоо гарлаа. Учир нь “Эрүүгийн тухай хууль”-д хуульч гишүүдийн санал дүгнэлтийг тусгаагүй, ажлын хэсгийнхэн амьдралд нийцэхгүй, хүний эрхийг зөрчсөн хуулийн төсөл боловсруулсан. Гэтэл УИХ-ын чуулганаар гишүүдийн өмнөөс кноп дарж санал хурааж байгаад тэд эсэргүүцлээ илэрхийллээ.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны гишүүд болох О.Баасанхүү, Ж.Батзандан, Ц.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ, Ц.Оюунбаатар нар Хууль зүйн байнгын хорооноос гарч байгаагаа мэдэгдлээ. Эдгээр гишүүдийн үйл ажиллагааг УИХ-ын дэд дарга Л.Цог  дэмжиж байгаагаа илэрхийлж байна. Хууль зүйн байнгын хороо “Эрүүгийн тухай хууль”-ийн хэлэлцүүлгийн шатанд хуульч гишүүдийн санал бодлыг авч хэлэлцээгүй. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн хүмүүсийн үгийг огт тоолгүй, байнгын хорооны гишүүдийн өмнөөс “Эрүүгийн тухай хууль”-ийн зүйл заалт бүр дээр хуурамч санал авч, УИХ-аар хэлэлцүүлснийг мэдэгдлээ.

Эрүүгийн хуулийн төсөл дээр ажилласан ажлын хэсгийнхэн тун хангалтгүй ажилласан. Тухайлбал, хуулийн этгээдийг гэмт хэргийн субъект болгож, улс орныг шоронжуулж болзошгүй эрсдэл дагуулсан. Мөн эрүүгийн хуульд гэмт хэргийн бүрэлдэхүүн гэдэг зүйлийг үгүй хийж, мөнгөтэй баян хүн гэртээ гэрийн хорионд байж, мөнгөгүй ядуу хүн төмөр гяндангийн цаана суудаг байхаар хуулийг боловсруулсан. Энэ нь Үндсэн хуульд зааснаар хүний тэгш эрхийн зарчмыг зөрчсөн үйлдэл болоод байгааг тэд санууллаа.

Мөн “Эрүүгийн тухай хууль”-д тооцооны нэгж гэж шинэ ял оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл, нэгж бүр 2000 төгрөгтэй тэнцэнэ гэх ойлгомжгүй заалтыг авч хаяхыг анхаарууллаа. Нэг үгээр УИХ “Зөрчлийн тухай хууль”-ийг хүчээр батлаж, дараа нь Эрүүгийн хуулийг батлаад “Эдийн засгийн өршөөлийн ил тод байдлын тухай хууль”-ийг батлаж өөрсдийн хийсэн томоохон хэмжээний сүлжээ гэмт хэргүүдээ хаацайлах гэж байгааг УИХ-ын хуульч гишүүд хэлж байна. Тиймээс ч энэ ажлаа эсэргүүцэж, Хууль зүйн байнгын хорооноос гарч байгаагаа мэдэгдлээ.

tv9.mn


Холбоотой мэдээ