TV8

Responsive image

“Ховдод үйлдвэрлэв” бүтээгдэхүүн борлуулах төвтэй боллоо

2015-07-06

Ховд аймгийн хөдөлмөрийн хэлтсээс “Ховдод үйлдвэрлэв” борлуулалтын төвийг нээж үйл ажиллагааг нь эхлүүллээ. Энд  одоогоор 43 үйлдвэрлэгчийн 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн тавигдаж хэрэглэгчдийн гар дээр очиход бэлэн болжээ.

МУ-ын ЗГ, Хөдөлмөрийн яамнаас  хувиараа хөдөлмөр эрхлэгч нөхөрлөл хоршоо иргэнийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлж энэ ажлын хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэгчид, хувиараа хөдөлмөр эрхлэгч өрхийн үйлдвэрлэгчдэд  бүтээгдэхүүнээ борлуулах  борлуулалтын суваг, ажлын байрны дэмжлэг үзүүлэх учиртай юм. Тийм ч учраас Ховд аймгийн хөдөлмөрийн хэлтсээс “Ховдод үйлдвэрлэв” борлуулалтын төвийг нээж үйл ажиллагааг нь эхлүүллээ. Энд  одоогоор 43 үйлдвэрлэгчийн 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн тавигдаж хэрэглэгчдийн гар дээр очиход бэлэн болжээ. Цаашдаа үйл ажиллагааг нь улам өргөжүүлж аймаг, сум бүрийн өрхийн үйлдвэрлэл эрхлэгч, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг нэр төрлөөр нь нэгтгэн нэг цэгээс худалдан борлуулахаар болж байна.

2015 оны эхний 7 сарын байдлаар  Ховд аймгийн хөдөлмөрийн хэлтсээс хувиараа хөдөлмөр эрхлэгч нөхөрлөл хоршоо иргэнийг дэмжих хөтөлбөрт 42 хүнийг хамруулж нийтдээ 67,5 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна. Энэ санхүүжилтийг авч өрхийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлсэн хувиараа хөдөлмөр эрхлэгчид бүтээгдэхүүнээ худалдан борлуулах төвтэй болсондоо баяртай байна. Тэдний хувьд ихэвчлэн захиалгын дагуу үйлдвэрлэл явуулдаг байсан бөгөөд  одоо  захиалга хүлээж суух биш үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх борлуулалтын төвөөрөө дамжуулан түүнийгээ борлуулах шинэ боломж нээгдэж байгаад талархаж байгаа юм.

Ховдод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг борлуулах төвийн нээлтэнд Аймгийн ИТХ-ын дарга Баярсайхан,  Хөдөлмөрийн хэлтсийн дарга Уранчимэг, Ховд Политехник коллежийн захирал Өнөрнасан нарын албаны хүмүүс оролцож нээлтийн туузыг хайчиллаа. “Ховдод үйлдвэрлэв” бүтээгдэхүүн борлуулах төв, Хөдөлмөрийн хэлтэс  нэг дор байрлаж төрийн үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ хувиараа хөдөлмөр эрхлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүнийг ч борлуулах боломжтой боллоо. Энэ үеэр Борлуулалтын төвд бараа бүтээгдэхүүнээ борлуулах үйлдвэрлэгчдэд эрхийн бичиг гардуулж, Наадмын гоёл үндэсний хувцасны шилдэг загвар шалгаруулах уралдааныг зохион байгуулж дүгнэлээ.

tv9.mn


Холбоотой мэдээ