TV8

Responsive image

”Чингис хаан” гранприд медалийн тоогоороо тэргүүллээ

2015-07-06

Энэ сарын 3-ны өдөр нээлтээ хийж эхэлсэн “Чингис хаан” гранпри тэмцээн өчигдөр өндөрлөлөө. Риогийн олимпийн эрхийн оноо олгох уг тэмцээнд 35 орны баг тамирчид оролцсоны дотор 2012 оны Лондонгийн олимпийн аваргууд байсан нь тэмцээнийг улам өрсөлдөөнтэй болголоо.

Гурван өдрийн турш жүдо бөх сонирхогчдын анхаарлын төвд байсан “Чингис хаан” гранпри тэмцээн хөшгөө хаалаа. Уг нэр хүндтэй тэмцээний эхний өдөр буюу 60 кг-ийн жингийн ангилалд монголын тамирчид гадны тамирчдад завсар өгөлгүй алт, мөнгө, хүрэл медалийг авч чадсанаар төрийн далбаа ижилсэн мандаж, төрийн дуулал эгшиглэсэн нь монгол хүн бүрийг омогшуулж байлаа. Тэгвэл “Чингис хаан” гранпри тэмцээний 2 дахь өдөр эмэгтэйчүүдийн 63 кг-ийн жингийн тамирчин ОУХМ Цэрэннадмид гайхалтай техник сайтай барилдаануудыг үзүүлж, алтан медалийг хүртсэн бол, гавьяат тамирчин Ням-Очир мөнгө, ОУХМ Одбаяр хүрэл медалийг хүртэж амжилтын буухиаг цааш үргэлжлүүлсэн билээ.

“Чингис хаан” гранпри тэмцээнд Монгол улсаас 56 жүдочид барилдсанаас 5 алт, 3 мөнгө,10 хүрэл медалийг хүртэж, 35 орноос үзүүлэлтээрээ 1-р байранд орлоо. Ийнхүү  “Чингис хаан” гранпри тэмцээнийг Монгол улс 3 дахь жилдээ амжилттай зохион явуулж, тэргүүлэгчийн байр сууриа алдсангүй. Тэмцээний 3 дахь өдрийн хамгийн сонирхолтой үзэгчдийг шуугиулсан барилдааныг Инчёоны азийн наадмын хүрэл медальт Отгонбаяр үзүүллээ. Тэрээр -90 кг-ийн жинд аваргын алтан медалийн төлөө БНХАУ-ын тамирчин “Чиндаогийн гранпри”-гийн аварга Шунжао Чинийг цэвэр ялснаар төрийн дууллаа эгшиглүүлсэн юм. Ийнхүү нийт 18 медаль хүрснээс эмэгтэй тамирчид 2 алт,1 мөнгө,3 хүрэл, эрэгтэй тамирчид 3 алт, 2 мөнгө 7 хүрэл медаль хүртсэн бол, үлдсэн тамирчдаас 12 тамирчин шагналт байранд орлоо. Одоо жүдогийн тамирчдыг ирэх 8-р сард Риогийн олимпийн эрхийн оноо олгох сүүлийн хариуцлага өндөртэй тэмцээн хүлээж байна.

tv9.mn


Холбоотой мэдээ