TV8

Responsive image

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын баруун бүсийн чуулган боллоо

2015-07-08

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын баруун бүсийн чуулган 7-р сарын 1-ний өдөр Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын зааланд  боллоо.  Энэхүү чуулганыг зохион байгуулснаар  эрдэс баялгийн салбарын талаарх орон нутгийн иргэдийн мэдлэг, ойлголтыг бий болгох, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн харилцан ойлголцол хамтын ажиллагаа хөхиүлэн дэмжихэд ач холбогдолтой юм.

Орон нутгийн иргэд бодитой мэдээлэлтэй болсноор хэлэлцүүлэг өрнүүлж оролцоо нэмэгдэх бөгөөд төр, хувийн хэвшил, иргэд хоорондын итгэлцэл нэмэгдэж, харилцан ойлголцол, хамтын ажиллагаа сайжрахыг зорьж байгаа. Чуулганд Говь-Алтай, Ховд, Увс, Завхан, Баян-Өлгий, Баянхонгор аймгийн олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын дэд зөвлөлийн гишүүд, Ховд аймгийн Алтай, Дарви, Говь-Алтай аймгийн Цээл, Чандмань, Баянхонгор аймгийн Галуут, Бөмбөгөр, Баян-Овоо, Шинэжинст, Жаргалант сумдын төлөөлөл, нутгийн захиргааны байгууллагууд, олборлох үйлдвэрлэлийн компаниуд, иргэд, хөдөлмөрчид,  оролцлоо. Чуулганаар олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын тухай, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг орон нутагт хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж буй тухай, олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын үйл явц, ил тод болж буй зэрэг мэдээллүүдийг өгч ажиллалаа.

Баянхонгор аймаг мал аж ахуйг нийт  сумдад өсгөн үржүүлэх боломжтой, харин газар тариаланг эрхлэн хөгжүүлэх боломж хязгаарлагдмал юм байна. Ой мод, урсгал усны боломжийн нөөцтэй, алт, зэс, нүүрс, хүрмэн чулуу, давс, шохой зэрэг ашигт малтмалын нөөц бүхий ордтой. Мөн тус аймаг алт, зэс, хар, хүрэн нүүрс, болор, жонш, гялтгануур, гантиг, боржин, шөрмөс чулуу зэрэг ашигт малтмал, төрөл бүрийн шороон будаг, сайн чанарын шавар, шохойн чулуу зэрэг барилгын материал нэн элбэгтэйг геологийн судалгаагаар тогтоожээ. Одоогийн байдлаар тус аймагт молибденийн төслүүд хэрэгжүүлэхээр компаниуд хайгуул, олборлолт хийж байна. Мөн уул уурхайн салбарын үйлдвэрлэл бага хөгжсөн ч алтны шороон орд элбэгтэй учраас гар аргаар алт олборлох явдал түгээмэл байдаг. Баянхонгор аймгийн хэмжээнд 2013 он байдлаар нийтдээ 162 хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл 91 компанийн мэдэлд байжээ. Үүнээс идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 65 компани тайлангаа ирүүлснээс 18 компанийн тайланг олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тайлангийн 2013 нэгдэлд хавсаргажээ. Галуут, Гурванбулаг, Жаргалант, Бөмбөгөр, Баян-Овоо, Баянбулаг, Шинэжинст, Бууцагаан, Баянлиг, Эрдэнэцогт, Хүрээмарал, Баянговь, Баацагаан, Баян-Өндөр, Жинст, Заг зэрэг 16 суманд ашигт малтмалын болон хайгуулын лиценз олгогджээ.

tv9.mn


Холбоотой мэдээ