TV8

Responsive image

Алтай Таванбогдод авиралт хийж байсан 5 хүн сураггүй алга болжээ

2015-07-16

Сураггүй алга болсон хүмүүсийн ар гэрийнхэн нэмэлт хүч гаргахыг ОБЕГ-аас хүслээ. Энэ жил Алтай Таванбогд ууланд авирсны 100 жилийн ой тохиож байна.  Энэ ойг тохиолдуулан Алтай Таванбогдод авиралт хийж байсан уулчдын багаас 5 хүн нь сураггүй алга болоод байна.  Тэд сураггүй алга болоод хоёр өдөр, гурван шөнө болжээ.

Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт байрлах Алтай Таванбогдод авиралт хийсний 100 жилийн ой 7-р сарын 12-нд тохиолоо. Энэ ойг угтаж хэсэг уулчид Алтай Таванбогдын Малчин оргил, Хүйтний оргилд гарсан байна. Гэвч уулчдын группээс 5 хүн нь ор сураггүй алга болоод гурван өдөр болж байна. Тодруулбал, хоёр эмэгтэй, гурван эрэгтэй нэг баг болж Малчин оргилд гараад дараа нь Хүйтний оргил руу гарч, буух замдаа алга болжээ. Алга болсон уулчид хамгийн сүүлд 7-р сарын 10-ны өдөр ар гэрийнхэнтэйгээ холбогдсон байна.

Алтай Таванбогдын Малчин оргил 4050 метрийн өндөртэй, Хүйтний оргил нь 4374 метрийн өндөр. Хэдийгээр Алтай Таванбогдод авиралт хийх хамгийн боломжийн сар нь 7-р сар боловч өнгөрсөн хэд хоногт цаг агаарын нөхцөл тааруу, цасан шуурга ихтэй байжээ. Алга болсон таван уулчидтай зэрэгцэн уулын спортын гавьяат тамирчин Өсөхбаярын баг явж байсан байна. Тэд алга болсон таван хүнийг анх мэдэж, эхний ээлжинд өөрсдөө хайж эхлээд арга ядаад Баян-Өлгий аймгийн онцгой байдлын хэлтсийнхэнд дуулгажээ. Харин онцгой байдлын хэлтсийн 7 албан хаагч сураггүй болсон иргэдийг хайж байна. Хамгийн сүүлийн мэдээллээр өнөөдөр өглөө 9 цаг 30 минутын орчимд онцгой байдлынхны дуранд хоёр майхан ажиглагдсан байна.

Алтай Таванбогдод хүн гарсны 100 жилийн ойд зориулсан тус авиралтыг “Монголиа экспедишн” компанийн зүгээс зохион байгуулж, фэйсбүүкээр зар тараажээ. Алга болсон хүмүүс бүгд уулын спортын туршлагагүй гэдгийг ар гэрийнхэн нь хэлж байна. Тэд зохион байгуулсан “Монголиа экспедишн” компаниар дамжуулж ууланд авирсан гэх боловч зохион байгуулсан компанийнхан алга болсон уулчдыг албан ёсоор бүртгэж аваагүй гэж байна.

Ямартай ч сураггүй алга болоод байгаа Гомбосүрэн, Гантөмөр, Уянга нарын таван хүнийг эрэн хайх эрлийн баг ажиллаж байгаа ч цаг хугацаа алдсан байдалтай байна гэж ар гэрийнхэн нь гомдоллож байгаа юм. Тиймээс тэд эрлийн ажиллагааг яаравчлуулахын тулд ОБЕГ-аас нисдэг тэрэг гаргахыг хүсч байгаа ч ОБЕГ шаардлагатай тохиолдолд Ховд, Увс аймгийн ОБХ-ийн нэмэлт хүчийг ашиглана гэж байна.

tv9.mn

 


Холбоотой мэдээ