TV8

Responsive image

Нефть боловсруулах үйлдвэр гацаанд орсон

2015-01-07 Эдийн засгийг тогтвортой байлгахад шатахууны хангамж чухал нөлөө үзүүлдэг. Гэвч дээрх хэрэглээгээ бид бусдыг царайчлан импортлодог юм. Гэвч нөөцөөрөө дэлхийд 32-рт жагсдаг манай улс нефть боловсруулах үйлдвэргүй, газрын тосоо түүхийгээр нь экспортлосоор байна Хамгийн гол нь бид өөрсдөө түүхий эдээ боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн гаргаж чадахгүй, улс төрийн лоббид автсан нь өнөөдрийн бодит байдал. Урьд нь ганц байсан Зүүн баянгийн нефть боловсруулах үйлдвэр нөөцийн асуудлаас болоод хаалгаа барьсан. Тухайн үед Оросын тал дээрх шийдвэрийг гаргаж, үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоосон учраас улс төрийн эрх ашиг үүнд нөлөөлсөн гэж үзэх мэргэжилтнүүд байдаг. Үүний тод илрэл нь монголчууд шатахууныхаа 90 гаруй хувийг Оросоос хангалт хийдэг байдал юм. Яг дээрх шиг жишээ сүүлийн 20 орчим жил мөн ажиглагдсан. Тодруулбал, нефть боловсруулах үйлдвэр байгуулах хангалттай нөөцгүй гэдэгт итгүүлж, түүхий газрын тос импортлох санаархал урд хөршид байна. Тиймээс шатахууны хангамжийг бүрэн хараат байлгах хоёр хөршийн улс төрийн сонирхол үүн дээр нэгдэж, нефть боловсруулах үйлдвэрийн гацааг үүсгэх нэг шалтгаан болжээ. Нөгөө талаас дэлхийд томд тооцогдох Хайлаар, Эрээний газрын тосны сав газрын нэг хэсэг Хятадад, нэг хэсэг нь Монголын нутагт харьяалагддагийг судалгаагаар тогтоосон. Тиймээс нефть боловсруулах үйлдвэр барих нөхцөл манай улсад бүрдсэн гэдгийг мэргэжилтэн, судлаачид баталдаг. УИХ, Засгийн газар солигдсон ч шийдвэрлэгддэггүй цаасан дээрх төсөлд тусгаснаар 2.5 сая газрын тос боловсруулах үйлдвэртэй болно гэж мөрөөдсөөр цаг хугацааг улирааж байна. Нүүрс шингэрүүлэх нүсэр технологийг судлахаасаа урьдаад Зүүн баян, Тосон уулын нөөцөнд тулгуурлан хийн конденсаци, газрын тос, занарыг ашиглан шатахуунаа үйлдвэрлэх боломжтой. Мөн 500 мянган тонн газрын тос боловсруулах үйлдвэртэй болчихоод, цаашид үүнийгээ өргөтгөж, дотоодынхоо 2 сая хэрэгцээг хангах нөхцөл ч бүрдсэн байгаа юм. Энэ мэт боломжит санаануудыг мэргэжилтнүүд гаргасан байдаг ч дээд түвшний хүрээнд шийдвэрлэгдэлгүй өнөөдрийг хүргэжээ. tv9.mn

Холбоотой мэдээ