TV8

Responsive image

Сүхбаатар аймаг 16,7 мянган өрхийн 57,4 мянган хүн ам тоолууллаа

2015-01-09 Сүхбаатар аймгийн 2014 оны өрх, хүн ам, мал тооллогын нэгдсэн дүн албан ёсоор гарлаа. Хүн ам 57,4 мянгад хүрч, мал сүргийн тоо 2,8 сая болжээ. Мал сүргийнхээ тоогоор улсад 9-р байранд орж байна. Хамгийн олон мал тоолуулсан малчнаар Уулбаян сумын малчин, улсын сайн малчин Дамдингийн Баярсайхан 4011 толгой мал тоолуулжээ. 2014 оны өрх, хүн ам, мал тооллогоор өрх 16,7 мянга, хүн ам 57,4 мянга болж, урьд оныхоос өрх 266-аар, хүн 1067-аар тус тус өсчээ. Энэ онд 9,3 мянган малтай өрх, 6,6 мянган малчин өрхийн 13,9 мянган малчид тоологдлоо. Аймгийн хэмжээнд мал 326,7 мянгаар өсч, 2,8 сая толгой малтай боллоо. 2014 онд 938 мянган эх мал төллөж, нийт төлийн 86,1% буюу 937 мянган төл мал бойжиж байна. Малын онд оролт 99,6%-тай байна. Сумдаар авч үзвэл бүх сумд малаа өсгөсний дотор Баяндэлгэр, Наран, Халзан, Уулбаян, Түмэнцогт, Баруун-Урт гэсэн 6 сум малаа таван төрөл дээр нь, бусад сум 4 төрөл дээр нь өсгөжээ. Аймгийн хэмжээнд 1000-аас дээш мал тоолуулсан 490 малчин байгаа нь урьд оныхоос 108 малчнаар өсч, энэ онд шинээр 124 малчин мянгат малчны болзол хангажээ. Улсын хэмжээнд Сүхбаатар аймаг мал сүргийнхээ тоогоор 9-рт ордог. Баяндэлгэр сум 374,5 мянган мал тоолуулж, нийт мал сүргийнхээ тоогоор аймагтаа тэргүүлсэн бөгөөд улсад 4-рт бичигдэж байна. Мөн Баруун-Урт сум 321,8 мянган тал тоолуулж аймагтаа 2-рт, улсад 12-р байрт орж байгаа. Харин Эрдэнэцагаан сум 29,6 мянган адуу тоолуулж улсад 3-рт ордог, мөн аймагтаа тэргүүлдэг. 2014 оны мал тооллогоор хамгийн олон малыг Уулбаян сумын “Тэгш” багийн малчин, улсын сайн малчин Дамдингийн Баярсайхан тоолуулжээ. Тэрээр 4011 толгой мал тоолуулснаар аймагтаа тэргүүлжээ. Эрдэнэцагаан сумын малчин Ганжуурын Бөхчулуун 1021 адуу тоолуулж хамгийн олон адуу, Сүхбаатар сумын малчин Цэрэндоржийн Дива 90 тэмээ тоолуулж хамгийн олон тэмээ, Наран сумын малчин, улсын сайн малчин Цэндийн Эрдэнэбат 310 үхэр тоолуулж, хамгийн олон үхэртэй бол Дамдингийн Баярсайхан 2650 хонь тоолуулж, хамгийн олон хонь, Баруун-Урт сумын малчин Содовын Батсүх 1390 ямаа тоолуулж, хамгийн олон ямаатай болжээ. Дашрамд дуулгахад Сүхбаатар аймаг өнгөрсөн жил 8,9 мянган тэмээ тоолуулж байсан бол энэ жил 8,6 мянга болж буурсан үзүүлэлттэй байна. tv9.mn

Холбоотой мэдээ