TV8

Responsive image

Өнтэй өвөл болсноос үүдэн ховор ан амьтад усгүйтэх аюул тулгарчээ

2015-01-09 Улсын онцгой комиссын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсантай холбоотойгоор Улсын онцгой комисс эхний хурлаа хийлээ. Энэ өвөл малын хорогдолгүй, гоц халдварт өвчин гараагүй өнтэй өвөлжиж байгаа хэдий ч 2015 оны хавар хүйтэрч болзошгүй гэдэг байдлаар онцгой комиссын хурал явагдсан юм. Хурлаар онцгой комиссын гишүүдэд зарим үүргийг өгсөн байна. Энэ өвөл нийт нутгийн 20 хувьд нь 5 см-аас дээш зузаантай цас орсон, харин үлдсэн 80 орчим хувьд нь 5-аас доош см-ийн цасан бүрхүүл тогтсон буюу өнтэй өвөлжиж байна. Хэдийгээр жил бүрийн өвөл нутгийн баруун хойд болон төвийн нутгийн хойд хэсгээр Увс болон Их нууруудын хотгор зэргээр хүйтэрч хасах 40-45 хэм хүрдэг бол энэ өвөл хасах 40 хэм хүртэл хүйтэрсэн тохиолдол гараагүй. Нийт нутгийн дулааны хэмжээ 0,5-1 хэм дулаан өвөлжжээ. Тиймээс 2015 оны хавар хүйтэн ширүүн салхитай байхыг Цаг уурын хүрээлэнгээс анхааруулсан. Ширүүн салхинаас үүдэн гал түймрийн аюул гарч болзошгүй байгааг Улсын онцгой комиссын гишүүдэд анхааруулсан юм. Мөн нийт нутгаар өнтэй өвөл болсонтой холбоотой нутгийн ихэнх нутгаар цас тогтоогүй байгаа нь зэрлэг, ховор ан амьтад усгүйтэх аюулд ороод байгаа юм байна. Улсын хэмжээнд өнгөрсөн 2014 онд гамшиг осол болон хойшлуулшгүй ажилд зориулан 62,5 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Тэгвэл энэ жил улс нийтийг хамарсан гамшиг гарвал аймгуудын нөөцийн санд байгаа тус бүр 320 сая төгрөгөө зарцуулж, яаралтай арга хэмжээ авахыг Улсын онцгой комиссын дарга захиж байна. Нөгөө талаар дэлхийн 10 гаруй улсад дэгдээд байгаа “Эбола” вирусын гаралт манай улсад ч гарахгүй гэх баталгаагүй тул “Эбола”-гийн эсрэг авах арга хэмжээг чангатгах ёстойг сануулсан. Хоёр сарын өмнө Эрүүл мэндийн яам “Эбола”-гийн эсрэг авах арга хэмжээнд нийт 477 сая төгрөгийг засгийн газраас гаргуулсан ч өнөөдрийг хүртэл цагдаа, хил хамгаалах, эрүүл мэндийн байгууллагуудад хамгаалалтын хувцас хэрэглэл тараагаагүй байгаад хариуцлага тооцох үүргийг Эрүүл мэнд, спортын сайдад өгсөн юм. tv9.mn

Холбоотой мэдээ