TV8

Responsive image

Чөлөөт бөхийн УАШТ-нд МУГТ С.Цэрэнчимэд энэ тэмцээнд оролцсонгүй

2015-01-09 Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ Спортын төв ордны “А” танхимд өнөөдөр эхэллээ. Насанд хүрэгчдийн эрэгтэй чөлөөт бөхийн ХХХҮIII, эмэгтэй чөлөөт бөхийн ХIҮ дэх удаагийн УАШТ-нд өнөө цаг үеийн бүх шилдэг бөхчүүд 2015 оны хамгийн гол тэмцээндээ эх орныхоо өнцөг булан бүрээс нийслэл хотдоо хуран цугларч бяр тэнхээ, ур чадвар, оюун ухаанаараа өрсөлдөж эхэллээ. Өнгөрсөн жил дэлхийн аварга цол хүртсэн гавьяат тамирчин С.Цэрэнчимэд энэ жил жин өгсөн 63 кг-ын жинд өрсөлдөх байсан ч бэртлийн улмаас энэ жилийн УАШТ-нийг өнжихөөр болжээ. Хэрвээ С.Цэрэнчимэд бэртээгүй байсан бол 4 жил 63 кг жинд ноёрхож байгаа дэлхийн аварга С.Батцэцэгтэй барилдах байлаа. Гэвч манай чөлөөт бөхийн спортын түүхэнд дэлхийн аварга бөхчүүд нэг жинд өрсөлдөх тэр торгон агшин цаг хугацааны хувьд л хойшилсон бололтой. УАШТ-нд оролцож байгаа олимпийн медальт ганц бөх С.Батцэцэг өнгөрсөн жилийн УАШТ-нийг мөн л бэртлийн улмаас өнжиж байсан юм. ОУХМ А.Батцэцэг, өнгөрсөн жил ДАШТ-ний мөнгөн медальт хоёр бөхийг ялж аварга болж байсан дэлхийн залуучуудын аварга Э.Даваачимэг, ДАШТ-ний мөнгөн медальт Э.Сумьяа гурвын хооронд гол өрсөлдөөн болно. 48 кг-ын жинд Д.Отгонцэцэгийн гол өрсөлдөгч нь Э.Нарангэрэл, цэл залуу бөх Ц.Намуунцэцэг нар байх нь, энэ жинд Залуучуудын зуны олимпийн мөнгөн медальт Б.Дөлгөөн анх удаа насанд хүрэгчдийн УАШТ-нд барилдаж байна.Тэмцээний 58 кг-ын жинд өнгөрсөн жил анх удаа улсын аварга болсон Б.Шоовдор, өнгөрсөн жил гадаадад хэд хэдэн олон улсын тэмцээнд дараалан түрүүлсэн С.Бямбацэрэн нар барилдаж байна. 67 кг-ын жинд гавьяат тамирчин О.Насанбурмаа, олон улсын хэмжээний мастер Б.Одончимэг, Ш.Түмэнцэцэг нарын хооронд гол өрсөлдөөн болох байх. Мөн тэмцээний 75 кг-ын жинд азийн наадмын аварга Г.Наранчимэг барилдах юм.Тэрээр амаржиж хоёр жил завсарлаад байсан ч энэ жилийн улсын аваргын тэмцээнд барилдахаар болжээ. Харин эрэгтэй 57 кг-ын жинд өнгөрсөн жилийн ДАШТ-нээс медалийн үзүүрээс атгаад алдсан дэлхийн залуучуудын аварга Э.Бэхбаяр, ур чадвар нь эрс дээшилж байгаа Б.Номин, туршлагатай бөх Д.Цогтбаатар нарын өрсөлдөөн мөн сонирхолтой боллоо. Энэ жинд азийн өсвөрийн аварга З.Занабазар барилдлаа. Харин 61 кг-ын жинд өнгөрсөн жилийн улсын аварга, дэлхийн оюутны аварга Т.Түвшинтулга өмнөх жилийн УАШТ-нийг өнжсөн ч ДАШТ-нээс хүрэл медаль авсан Э.Ням-Очирт хэр зэрэг бөх болж байгаагаа шалгуулах байх. Олон улсын хэмжээний мастер Б.Батмагнай, П.Өнөрбат, Д.Хүдэрбулга, Ж.Чулуунбат нар жин тус бүртээ аварга цолоо хамгаалахын төлөө барилдах нь дамжиггүй. Өнгөрсөн жил гадаадад хоёр тэмцээнд оролцож мөнгө, хүрэл медаль авсан олон улсын хэмжээний мастер Н.Золбоо хамгийн хүнд жинд аварга болох зорилготойгоор бэлтгэл сургуулилтаа жигдрүүлсэн байна. Гавьяат тамирчин Г.Мандахнаран жин өгсөн 70 кг-ын жинд шилжиж нас, ур чадвар нь ид жигдрээд байгаа Б.Анхбаяртай өрсөлдөх нь. 86 кг-ын жинд П.Өсөхбаатар, О.Үйтүмэн нар дахин хүч үзэх байх. Гавьяат тамирчин Э.Ням-Очир, Г.Мандахнаран нар олимпийн бус 61, 70 кг-ын жингүүдэд зодоглох юм байна. Олон улсын хэмжээний мастер С.Батболд, Б.Баянмөнх, М.Билгүүтэй, Б.Лхамгармаа, Б.Нямбаяр, Б.Өлзийсайхан, Б.Өсөхбаяр, Б.Мөнхтуяа, Б.Номин-Эрдэнэ, П.Номин-Эрдэнэ, Б.Нямгэрэл, О.Оюунтуяа, П.Орхон, Б.Хаш-Эрдэнэ, Ц.Цэнджав, Ц.Цэцэгбаяр, Ц.Шинэхүүхэн гэх зэрэг ур чадвар нь өсч байгаа, цахиур хагалж шуугиан тарьж мэдэх олон залуу бөхчүүдийн хэрхэн барилдахыг харах л үлдэж байна.Туршлагатай дасгалжуулагчид болох А.Гандолгор, Г.Амархүү, Л.Бадарч, Ё.Батдархан, Д.Батням, Ю.Батсайхан, Б.Баттулга, Э.Баттүшиг, Цэндийн Баярсайхан, Цэрэндалайн Баярсайхан, Ц.Гантөгс, Ж.Дандар, А.Дарханбаатар, Б.Идэрсайхан, Б.Мөнхбаяр, Г.Пүрэвбаатар, Ч.Раднаабазар, Н.Түмэннаст, Ч.Хаянхирваа, Д.Энхбат, гавьяат дасгалжуулагч З.Дүвчин, гавьяат тамирчин А.Энхээ, шинэхэн гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр нарын шавь нар дээгүүр давхих байх. Бүх ард түмний спортын наадам, УАШТ-нээс 9 медаль аваад байгаа азийн аварга Ч.Ганзориг энэ жил 10 дахь медалиа авахын төлөө барилдах юм байна. 1999 онд болсон эмэгтэй чөлөөт бөхийн анхдугаар УАШТ-нд оролцож 44 кг-ын жинд хүрэл медаль авч байсан спортын мастер А.Чанцалнямаа УАШТ-ндээ ХI дэх удаагаа зодоглож УАШТ-нээс 3 мөнгө, 7 хүрэл медаль авсан ч амжилтаа ахиулахын төлөө барилдаж байна. Өнгөрсөн жил Бүх ард түмний спортын наадам, УАШТ-нээс 10 дахь медалиа авсан гавьяат тамирчин Ц.Энхжаргал энэ УАШТ-нд зодоглохгүй юм байна. tv9.mn

Холбоотой мэдээ