TV8

Responsive image

“Монгол коммент” нэвтрүүлэгт жилд 6000 орчим захидал хаяглагддаг

2015-01-09 “Монгол коммент”хамгийн олон үзэгчтэй нэвтрүүлгийг тэргүүлсээр байна.“Монгол коммент” нэвтрүүлэг нь анх 2011 оны 11-р сарын 11-ний өдрөөс тасралтгүйгээр эфирээр цацагдаж эхэлсэн бөгөөд “ТВ-9” телевизийн эфирт шууд нэвтэрч тус телевизийн 1-р сувгаар 1000 орчим дугаарыг үзэгчдэд шууд хүргэсэн байна. Сүүлийн хориод жилд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд үзэгчид, уншигчид, сонсогчдоос захидал, мэдээлэл ирэх нь эрс буурсныг сэтгүүл зүйн судлаачид нэг бус удаа тэмдэглэсэн байдаг. Энэ бол эргэх холбоо үгүй болж буйн илрэл юм. Харин “Монгол коммент” шууд нэвтрүүлгийн тухайд үзэгчидтэйгээ амьд харилцаа тогтоож, тэдний санал бодол, үзэл бодол, шүүмжлэлийг цензургүй хүргэх гүүр болсон. Зөвхөн 2014 онд гэхэд Монгол орны өнцөг булан бүрээс нийт 5400 орчим захидал, санал, хүсэлтийг хүлээн авч уншиж танилцуулан, тодорхой хэсгийг нь холбогдох байгууллагуудад хүргүүлэн шийдвэрлүүлж, мөрөөр нь ажилласан байна. Ганцхан энэ тоо баримт, өнөөдрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс “Монгол коммент” алс хол тасарч, иргэдээс хамгийн их захидал, мэдээ мэдээлэл хүлээн авч чаддаг ард түмний дуртай нэвтрүүлэг болж чадсаныг харуулж байгаа юм. Мөн өөрийн Facebook хуудсыг идэвхжүүлж 120 000 дагагчтай групп үүсгэж иргэдийн байр суурь, баримт, шүүмжлэлийг ил тодоор дэлгэж, төр олон нийтэд иргэдийн үгээ хэлэх чөлөөт индэр болж төлөвшөөд байна. Чөлөөт хэвлэлийн “хоточ нохой”-н үүрэг гүйцэтгэгч “Монгол коммент” нэвтрүүлэг монголын жирийн ард иргэдийн ил тодын индэр, орон зай, цаг хугацаанаас үл хамааран үзэл бодлоороо нэгдэх жинхэнэ талбар болж чадсан юм. Монголын телевизүүдээс хамгийн их үзэгчтэй нэвтрүүлгээр байнга нэрлэгдэж байна. “Монгол коммент” нэвтрүүлэг 2014 онд “Махсима” судалгааны төвөөс явуулсан сар бүрийн социологийн судалгаагаар телевизийн нэвтрүүлгүүдээс тэргүүн байрт шалгарсан юм. Энэ бол эрх мэдэлтэн албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас нийгэм, олон нийтэд учирч байгаа асуудлыг баримт түшиглэн дэлгэж, учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх ардчилсан нийгмийн “тоншуул” нийгмийн олон талт үзэл бодлыг нэгтгэх төв нэвтрүүлэг болж чадсаныг харуулж байгаа юм. Ач холбогдол, агуулгын хувьд цаг үеэ олсон, үзэгчдийн зүрх сэтгэлд хүрч чадсан телевизийн нэвтрүүлгийг нэрлэ гэвэл өнөөдөр үзэгчид тэргүүн ээлжинд “Монгол коммент”-ыг нэрлэх болжээ. “Монгол коммент” нэвтрүүлэг үзэгчдэд хүрэх өөрийн хүртээмж, цар хүрээгээ өргөжүүлэх үүднээс богино долгионы радио 103,6-тай хамтран ажиллаж зөвхөн иргэдэд үзүүлэх төдийгүй, сонсгох хэлбэрээр давхар цацагдаж, мөн онлайн хэлбэрээр цахим хэрэглэгчдэд шууд хүрдэг болсон байна. Ийнхүү иргэнлэг, илүү шинэлэг байх зорилтын үүднээс сэтгэгдлийг захидал, мессенжер, твиттер, Facebook гэсэн хэлбэрээр авч, хүссэн иргэн биечлэн ирж үзэл бодлоо илэрхийлэх чөлөөт индрийг зэхэн ажиллуулж байна.

Холбоотой мэдээ