TV8

Responsive image

Өнөөдөр Ази тивийн хөлбөмбөгийн АШТ мөнх ногоон тив Австралид эхэллээ

2015-01-09 2015 оны Ази тивийн хөлбөмбөгийн АШТ өнөөдөр эхэллээ.Манай шар тив буюу Ази тивийн 2015 оны ногоон талбайн хөлбөмбөгийн АШТ өнөөдрөөс энэ сарын 31 хүртэл мөнх ногоон тив Австралид эхэлж байна. Арван зургаа дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа Азийн аваргад шилдэг 16 үндэстний шигшээ багууд дөрөв дөрвөөрөө 2 хэсэгт хуваагдан өрсөлдөх гэж байна. “А” группд 2011 оны Азийн мөнгөн медальт эзэн орон Австрали толгойлж, Азийн 2 удаагийн аварга Өмнөд Солонгос, Азийн аваргад 3 дахь удаагаа оролцох гэж буй Оман, 1980 оны Азийн аварга Кувейтийн шигшээ багууд багтжээ. “Б” группд Азийн аваргад 6 дахь удаагаа орох гэж байгаа Узбекстан толгойлон оролцох бол бусад багуудаар Азийн 3 удаагийн аварга Саудын Араб, Азийн аваргын 2 мөнгөн медальт, 2 хүрэл медальт урд хөрш БНХАУ, Азийн аваргад 4 дэх удаагаа оролцох гэж буй Хойд Солонгос гэсэн багууд багтсан байна. “С” группд Азийн 3 удаагийн аварга Иран толгойлон оролцох бөгөөд 1996 оны Азийн аваргын мөнгөн медальт АНЭУ, Азийн аваргад 9 дэх удаагаа оролцох гэж буй Катар, Азийн аваргад 4 дэх удаагаа оролцох гэж буй Бахрайны шигшээ багууд багтжээ. Сүүлийн “Д” группд Азийн 4 удаагийн аварга Японы хүчирхэг шигшээ баг толгойлон оролцоно. Бусад багуудаар Азийн аваргад 3 дахь удаагаа орж буй Йордан, 2007 оны Азийн аварга Ирак, 2014 оны “Чэйлэнж Кап”-д түрүүлж Азийн аваргад анх удаагаа орох гэж буй Палестины шигшээ багууд багтсан байна. 2015 оны Азийн аваргыг зохион байгуулж байгаа Австрали улс өөрийн 5 том хотдоо тус тэмцээнийг зохион байгуулахаар болсон байна. Нээлтийн үйл ажилгаа өнөөдөр Мельбурн хотын 30.000 хүний суудалтай “Ректангулар” цэнгэлдэхэд болж эзэн орон Австралийн шигшээ баг Кувейтийн шигшээ багтай тоглох болно. Энэ удаагийн Азийн аваргын бэлэг тэмдгээр дэлхийн ховордсон Вонбат амьтныг сонгож Натмег гэсэн нэр өгчээ. Албан ёсны бөмбөгөөр алдарт “Найк” компанийн 2 дахь үеийн Ордэм бөмбөгийг сонгосон байна. Австрали улс тухайн тэмцээнд зориулж гадны иргэдэд 500.000 тасалбар борлуулах боломжтойгоо мэдэгдсэнээс гадна тасалбарын үнэ ойролцоогоор 150 америк долларын үнэтэй гэнэ. Мөн дэлхийн даяар нийтдээ 100-гаад телевизид шууд дамжуулах эрх өгсөн бөгөөд 800 сая орчим үзэгч энэ тэмцээнийг үзэх мэдээлэл байгаа ажээ. 2015 оны Азийн аваргад түрүүлсэн улс 2017 оны “Конфидрешн Кап”-д оролцох боломжтой билээ. tv9.mn

Холбоотой мэдээ