TV8

Responsive image

Үндсэн хуулийн 23 жилийн ойг тохиолдуулж шилдэг эрдэмтдийг шагнана

2015-01-12 Монгол улсын Үндсэн хуулийг баталсны 23 жилийн ой 1-р сарын 13-нд болох гэж байна. Энэ өдрийг угтаж УИХ-ын тамгын газраас дараах үйл ажиллагааг зохион байгуулахаар болжээ. 1990 оны Ардчилсан хувьсгалын дараа Үндсэн хуулиа шинээр батлах үйл явц эхэлж, Үндсэн хуулийн төслийг Монголын нийт ард түмнээр хоёр удаа, Улсын Бага Хурлаар дөрвөн удаа, БНМАУ-ын Ардын Их Хурлын хуралдаанаар 76 хоног хэлэлцэн баталсан байдаг. БНМАУ-ын Ардын Их Хурал 1992 оны 1-р сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн тухай хуулийг баталж, Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг жил бүрийн 1-р сарын 13-ны өдөр тэмдэглэж байхаар хуульчилсан. Энэ дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн 23 жилийн ойн өдрийг энэ жил улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Энэ хүрээнд энэ жил зарим ажлыг зохион байгуулахаар болсон байна. Тухайлбал, төрийн ордонд УИХ-ын даргын ивээл дор Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэлсэн бол Төрийн ордонтой танилцах цахим аяллын веб хувилбар бэлэн болоод байна. Энэ нь англи, монгол тайлбартай цахим аяллаар дамжин иргэд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны болоод бусад танхимууд, төрийн ордон дахь түүхийн дурсгалт үзмэрүүдээс гадна УИХ-ын даргын өрөө тасалгаа, үе үеийн УИХ-ын дарга нар, Ерөнхий сайдуудын хөрөг зурагтай танилцах боломжтой болсон байна. Мөн Үндсэн хуулийн 23 жилийн ойд зориулж Чингисийн хөшөөнд цэцэг өргөх юм. Мөн төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит шагналыг бий болгон шилдэг эрдэмтдэд олгохоор болсон байна.

Холбоотой мэдээ