TV8

Responsive image

Иргэдээс авах татварын хэмжээг Иргэдийн хурал тогтооно

2015-01-12 Эхчүүд, хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүдийн тэтгэмжийг хасахгүй байхыг шаардлаа. УИХ-ын өнөөдрийн чуулганаар “Хөрөнгийн албан татварын тухай хууль”-ийн төслийг хэлэлцлээ. Тус хуулийн төсөлд дөрвөн төрлийн татварыг иргэдээс авахаар тусгасан бөгөөд орон сууц, галт зэвсэг, малын хөлийн, автомашины татвар багтаж байгаа юм. Тухайлбал, орон сууцны татварыг гурав буюу түүнээс дээш байртай иргэдэд ноогдуулахаар төсөлд тусгажээ. Одоогийн мөрдөж буй хуулиар Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн өмчилж буй үл хөдлөх хөрөнгө, автотээврийн хэрэгсэл, буунд тус тусын хуулиар татвар ногдуулдаг. Мөн малын тоо толгойд ногдуулах албан татварын харилцааг “Хувь хүний орлогын албан татварын тухай хууль”-иар зохицуулдаг. Иймээс татварын хуулийг төрөлжүүлэх, хэрэгжилтийг нь хялбаршуулах зорилгоор иргэн, аж ахуйн нэгжийн хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгө, буу, мал болон автотээвэр, өөрөөр явагч хэрэгсэлд ногдуулдаг татварыг нэгдсэн байдлаар зохицуулахаар “Хөрөнгийн албан татварын тухай хууль”-ийг боловсруулсан байна. “Хөрөнгийн албан татварын тухай хууль”-ийн төслөөр татварын хувь хэмжээг тогтоох орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх бөгөөд татварын орлогод өөрчлөлт оруулахгүй. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухайд орон сууцыг үл хөдлөх хөрөнгийн албан татвараас чөлөөлж ирсэн. Гэвч зарим иргэдийн хувьд орон сууцыг амьдран суух зориулалтаар бус ашиг олох зорилгоор өмчилж, түрээсийн хөлсний байрууд ихэсч, үүнд зөвхөн амьдран суух бус бизнесийн зорилгоор байр түрээслэх нь нэмэгдэж байна. Иймд иргэний хувийн өмчлөл дэх 2 орон сууцыг албан татвараас чөлөөлж, 3 буюу түүнээс дээш хэсэгт нь татвар ногдуулахаар тусгасан байна. Харин “Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хууль”-ийг 1992 онд баталсан бөгөөд тухайн үед ашиглагдаж байсан автотээврийн хэрэгслийн төрөл, ангилал, хүчин чадлаар тооцон албан татвар ногдуулж байгаа нь өнөөгийн эдийн засаг тэлсэн, техник, технологийн өндөр өсөлтийн үетэй нийцэхгүй байна гэж хууль санаачлагчид үзэж байна. Иймд тансаг хэрэглээний шинжтэй бөгөөд нүүрсхүчлийн хий ихээр ялгаруулдаг, өндөр цилиндр бүхий автотээврийн хэрэгслийн ангиллыг тодорхой болгож, Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймгийн төвийн сумдын суудлын автомашинд ногдуулах татварын хэмжээг тогтоохыг аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал шийдвэрлэх эрхтэй байхаар тусгажээ. Мөн 1993 онд батлагдсан “Бууны албан татварын тухай хууль”-ийн зохицуулалтыг өнөөгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд нийцүүлэн сайжруулах шаардлагатай байна. Одоогийн мөрдөж буй хуулиар буунд ногдох жилийн албан татвар 4000-6000 төгрөг байгаа юм. Энэ татварын хувь хэмжээнд 1997 оноос хойш өөрчлөлт ороогүй тул улс орны эдийн засгийн өөрчлөлт, инфляцын түвшин зэрэгтэй уялдуулан татварын хувь хэмжээг өөрчлөхтэй холбоотойгоор буунд 50-100 мянган төгрөг татвар ноогдуулахаар тусгасан байна. Малын тоо толгойд ногдуулах татварыг түүний шинж чанарыг харгалзан Хөрөнгийн албан татварын төрөлд оруулах шаардлагатайг Сангийн сайд онцоллоо. “Хувь хүний орлогын албан татварын тухай хууль”-ийн дагуу малчин өрх, мал бүхий этгээдэд малын тоо толгойд татвар ногдуулж байсныг малчдыг татварын бодлогоор дэмжих зорилгоор 2009 оноос эхлэн чөлөөлсөн. Гэвч мал тооллогын судалгаагаар малчин өрхөөс гадна аж ахуйн нэгжүүд, гадаадын иргэд мал өмчилж, түүний ашиг шимийг хүртэж байна. Иймээс таван хошуу мал өмчилж байгаа иргэн, аж ахуйн нэгжид малын тоо толгойноос хамаарч татвар ногдуулах бөгөөд энэ нь 1 хонин толгойд ногдох албан татварыг жилд 0-1000 төгрөгийн хооронд байхаар тооцож тухайн аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоохоор тусгасныг УИХ-ын нэгдсэн чуулганаар дэмжсэн юм. tv9.mn

Холбоотой мэдээ