TV8

Responsive image

Талбайн теннисний оны эхний албан ёсны тэмцээнд Швейцарь эр Рожер Федеррер, Орос бүсгүй Мария Шарапова нар түрүүллээ

2015-01-12 “Brisbane International-2015” тэмцээний аваргууд тодорлоо. Дэлхийн мэргэжлийн талбайн теннисний календарьчлагдсан төлөвлөгөөний оны эхний “World Tour-250” ангиллын тэмцээн болох “Brisbane International” өнгөрсөн амралтын өдөр аваргуудаа тодруулж дууссан байна. Энэ жил 7 дахь удаагаа зохион байгуулагдаж буй “Brisbane International” мөнх ногоон тив Австралийн Күйнслэйнд мужийн Брисбэйн хотод болсон юм. 2015 оны “Brisbane International” тэмцээний эрэгтэй ганцаарчилсан төрөлд түрүүлсэн теннисчин 82.040 америк долларын шагнал хүртэх бол эмэгтэй ганцаарчилсан төрлийн аварга 195.026 доллар хүртэх байсан юм. Ганцаарчилсан төрлийн ялагчид бүгд чансааны 250 оноог халааслах болно. Харин эрэгтэй хосын ялагчид шагналын 24.920 америк доллар хүртэх бол эмэгтэй хосын ялагчид 45.576 доллар хүртэж бүгд чансааны 470 оноо халааслах байсан билээ. Тэгэхээр “Brisbane International” тэмцээн нь хосын төрөл тэр дундаа эмэгтэй теннисчдийг илүүтэй дэмждэг тэмцээн нь ажиглагдаж байна. Энэ удаагийн “Brisbane International” тэмцээн эрэгтэй төрөлд дэлхийн чансааны эхэнд бичигддэг Швейцарийн Рожер Федеррер, Японы Кеи Нишикори, Канадын Милош Раонич тэргүүтэй теннисчид оролцсон бол эмэгтэй төрөлд ОХУ-ын Мария Шарапова, Сербийн Ана Иванович, Германы Анжелика Кербер тэргүүтэй теннисчид оролцжээ. Ингээд 2015 оны “Brisbane International” тэмцээний эрэгтэй ганцаарчилсан төрлийн аваргын төлөө дэлхийн чансааны аман хүзүү алдарт Швейцарийн Рожер Федеррер, дэлхийн чансааны 8 Канадын Милош Раонич нар тулж 3 сетийн турш 6:4, 6:7, 6:4-өөр “Швейцарь цаг” хочит Рожер Федеррер түрүүлсэн байна. Тэрээр оны эхний тэмцээндээ түрүүлж байгаа бөгөөд анх удаагаа “Brisbane International” тэмцээнд түрүүллээ. Эмэгтэй ганцаарчилсан төрлийн аваргын төлөө дэлхийн чансааны аман хүзүү ОХУ-ын Мария Шарапова, дэлхийн чансааны 5 бичигдэж байгаа Сербийн Ана Иванович нар тулсан байна. Хоёр бүсгүйн тулаан мөн адил 3 сетийн турш үргэлжилж орос бүсгүй Шарапова 6:7, 6:3, 6:3-гаар хожил авсан байна. Шараповагийн хувьд ч гэсэн оны эхний тэмцээндээ түрүүлснээс гадна анхны “Brisbane International” тэмцээний түрүү нь юм. Эрэгтэй хосын төрөлд, аваргын төлөө Их Британийн Энди Мурраягийн ах Жемми Муррая Австралийн Жон Перстэй хамтарч Японы Кеи Нишикори, Украйны Александер Долгополов нарын хослолтой хүч үзсэн байна. Эдгээр хосын тулаанд 6:3, 7:6-ын харьцаатай Жемми Муррая, Жон Перс нар хожил авч түрүүлсэн байна. Харин эмэгтэй хосын аваргын төлөө Швейцарийн Мартина Хингис, Германы Сабинэ Лишики нар хослол болж Францын Каролина Гарсиа, Слованын Катарина Среботник нарын хослолтой тоглолт гаргасан байна. Тус тоглолтын ялагчаар 6:2, 7:5-ын харьцаатай Мартина Хингис, Сабинэ Лишики нарын хослол хожиж аваргалсан юм. tv9.mn

Холбоотой мэдээ