TV8

Responsive image

Иргэд дайвар бүтээгдэхүүнээр өл залгуулж чадахгүйд хүрчээ

2015-01-15 Дайвар бүтээгдэхүүний үнийг дийлэхгүй иргэд олон байна. Гэр хороолол дагасан ядуурал хүрээгээ тэлж иргэд граммын бүтээгдэхүүн, ширхгийн ногоогоор амьдралиа залгуулж ядарч явааг бид өмнөх долоо хоногт сурвалжлан хүргэсэн. Тэгвэл өнөөдөр дайвар бүтээгдэхүүн үнэтэйд тооцогдож худалдан авагч иргэдийн тоо муудсан гэдгийг худалдаа эрхлэгчид ярьж байна. “Хүчит шонхор” захын худалдаа эрхлэгчдийн мэдээлснээр амьжиргааны түвшин муудсан. Бэлэн мөнгөгүй иргэд дайвар бүтээгдэхүүнийг худалдан авч чадахгүй борлуулалт буурч байгааг тайлбарлалаа. Илүү тодруулах юм бол нэг кг нь 3000 төгрөгийн үнэтэй зүрхийг худалдан авч чадахгүй таллаж зарахыг санал болгодог буюу дотор гэдсийг граммаар авахаас өөр сонголт иргэдэд байхгүй байна. Борлуулалтгүй байгаа захын худалдаа эрхлэгчид хүнсний дэлгүүрүүдэд зээлээр өгдөг ч зээл авсан дэлгүүрүүд нь худалдан авалт байхгүй учир мөнгөө өгдөггүй гээд асуудал ихтэйг учирласан. Харин дайвар бүтээгдэхүүнийг худалдан авдаг иргэдийн хувьд хэсэгчлэн савласан гэдэс дотрыг нэг удаа 300 төгрөгөөр авч 1-2 хоногийн хоолоо аргалдаг гэдгээ нуусангүй. Төр нь ажиллаж чадахгүй, эдийн засаг нь хямарчихсан улсын ард түмний амьдрал өдөр ирэх тусам муудаж дайвар бүтээгдэхүүнээр өл залгуулж чадахгүйд хүртлээ зүдэрч явна. Гэтэл яг энэ гэр хороолол дагасан хоосон нойтон, хоногийн хоолгүй тарчигхан амьдралыг төрд иргэдийн сонголтоор гарч эрх мэдэлд хүрсэн эрхэм гишүүд, сайд дарга нар өөрсдөө ойлгохгүй яваа учир улс орон ард олныхоо төлөө ажиллаж чадахгүй ийм байдалд хүргэлээ гэж бухимдах иргэд олон байна. tv9.mn

Холбоотой мэдээ