TV8

Responsive image

Ховд аймаг ирэх оны хөгжлийн бодлогоо тодорхойллоо

2015-01-19 Ховд аймаг ирэх онд аймаг орон нутгаа хөгжүүлэх хөгжлийн төлөвлөгөөгөө тодорхойллоо. Улмаар аймгийн засаг дарга сумдын дарга нар хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа. Ховд аймгийн засаг дарга Д.Цэвээнравдан засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх 2015 оны гэрээг 16 сумын засаг дарга нартай байгууллаа. Тус гэрээ нь Засгийн газрын бодлого үйл ажиллагааны хөтөлбөр болон Ховд аймгийн засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, аймаг, сумын хөгжлийн хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангах чиглэл, улсын болон орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаар худалдан авах хөтөлбөр арга хэмжээг хэрэгжүүлэхэд чиглэгдэж байна. Түүнчлэн энэ гэрээ нь улсын болон орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаар сум орон нутагт хэрэгжүүлж байгаа ажлын тоо хэмжээ, чанар үр дүнг тодорхойлох талаар аймаг сумдын засаг дарга нарын харилцан үүрэг хариуцлагыг тодорхой болгож, Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх чанар, үр ашгийг дээшлүүлэх үр дүнтэй юмаа. 2015 оны хувьд урьд жилүүдтэй харьцуулахад эдийн засгийн хүндрэлээс улбаатай орон нутагт хуваарилах төсөв багассан. Иймээс энэ жилийн гэрээ нь төсвийг хэмнэн орон нутагт бүтээмжтэй үр дүнтэй ажлыг хийж хэрэгжүүлэхэд чиглэгдснээрээ онцлогтой байгааг Ховд аймгийн сумдын засаг дарга нар хэлж байна. Тус гэрээг байгуулахдаа Засгийн газрын чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх хөтөлбөр арга хэмжээг 7 шалгуур үзүүлэлттэйгээр хүрэх үр дүнг тодорхойлсон байна. Түүнчлэн гэрээнд Ховд аймгийн засаг даргаас нэмэлтээр үүрэг болгож зарим арга хэмжээнүүдийг тусгажээ. Үүнд төсөв санхүүгийн ил тод байдлыг бий болгох, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг хөнгөлөлттэй зээлийн бодлогоор дэмжих, төсөл хөтөлбөрт хамруулах үйл ажиллагааг дэмжих, сумдад 8- аас доошгүй жижиг, дунд үйлдвэр байгуулах, аймгийн ИТХ-аас баталсан төсвийн орлогыг бүрэн бүрдүүлж, төсвийн бус орлогын үүсвэрээр 300 сая төгрөгөөс дээш хөрөнгө босгож орон нутагт бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэн хийх, эрэг заалтуудыг нэмжээ. Түүнчлэн төсвийн байгууллага бүр амьжиргааг нь дэмжих зайлшгүй шаардлагатай 1 өрхийг сонгон амьжиргааны түвшинг сайжруулахад арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх, мөн 1 хөгжлийн бэрхшээлтэй иргэн буюу хүүхдэд жилийн турш шаардлагатай тусламж дэмжлэгийг үзүүлэх, арга зүйн дэмжлэг өгөх зэрэг нийгмийн сайн сайхны төлөөх ажлыг зохион байгуулах гэх мэтчилэн 37 заалтыг Ховд аймгийн засаг дарга нэмэлтээр тусгасан байна. tv9.mn

Холбоотой мэдээ