TV8

Responsive image

Ард түмэн хэмнэж, дарга нар тансагладаг хямрал

2015-01-20 Дорноговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч нар төсвийн 50 сая төгрөгөөр аялж байна. Улс орон мөнгөгүй болж ард түмнийхээ халааснаас төсвөө босгож бас танах бодлого барьж эхэлсэн. Гэтэл Дорноговь аймгийн ИТХ-ын 10 гаруй төлөөлөгч төсвийн мөнгөөр гадны хэд хэдэн улсаар гэр бүлийн хамт аялж байгаа нь өнөөдөр олон нийтийг бухимдуулж байна. Тодруулвал Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Ганбаатараар ахлуулсан ИТХ-ын 10 гаруй төлөөлөгч шинэ он гараад Герман, Итали, Франц улсаар гэр бүлийн хамт аялж яваа нь сүүлийн үед цахим орчинд шуугиан тарьж байна. Төлөөлөгч нарыг Францын “Арева” компанийн урилгаар аялсан гэх мэдээллүүд гарч байгаа бол харин эсрэгээрээ Дорноговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч нар төсвийн 50 гаруй сая төгрөгөөр зугаалж яваа нь юм байна. Энэ мэт сайд дарга нар чадаж байгаа юм чинь бусад хамаагүй гэдгийн үлгэрээр төсвийн мөнгөөр эхнэр хүүхэдтэйгээ, ах дүү нараа дагуулж гадны улсаар зугаалдаг, дэлгүүр хэсдэг зугаа цэнгэлд хяналт хариуцлага Монголд алга байгаа нь улс төрчид татвар төлөгчдийн мөнгөнд гамгүй ханддаг ёс зүйгүй үйлдэл гэж улс төр судлаачид ч тодотголоо. Улс төрийн соёл өндөр гадны улсад ард түмний мөнгийг энэ мэт хувьдаа завшсан бол өндөр хариуцлага хүлээдэг хуультай. Урд хөрш БНХАУ гэхэд үүнд хязгаарлалт тогтоосон байдаг байна. Гэтэл Монголд бол хариуцлагын тогтолцоо байхгүй учир энэ хүмүүс дураараа дургих нь тодорхой. Өмнө нь НИТХ-ын 10 гаруй тэргүүлэгч төсвийн зардлаар хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үзэхээр Бразил улсыг зорьсон мөн Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгч нар Дубайгаар аялсан нь ил болж зардлыг өөрсдөөр нь төлүүлэх шийдвэр гарсан ч яг төлсөн эсэхийг нь хэн ч мэдээлээгүй. Харин эдийн засаг хүнд төр засаг, ард түмэн хүртэл бүсээ чангалж байхад төсвийн мөнгөөр гадны улсаар аялсан Дорноговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч нарт ямар хариуцлага хүлээлгэх нь тодорхойгүй байна. tv9.mn

Холбоотой мэдээ