TV8

Responsive image

Өнгөрсөн долоо хоногийн эцсээр Африк тивийн Мозамбик улсад гэрийн нөхцөлд исгэсэн шар айраг ууж 69 хүн нас барсны дараа гурав хоног гашуудал зарлажээ. Гэтэл энэ хооронд дахиад 3 хүн хортой шар айраг ууж нас барсан байна

2015-01-21 Эмч Кремильдо де Соуза: «Яг одоогийн байдлаар хордсон хүмүүсийг эмчлэх эмчилгээ ид явагдаж байна. Бид энэ өвчнийг эмчлэх аргаа олохгүй байна. Хамгийн гол нь энэхүү хордлогын шалтгааныг тодорхойлох хэрэгтэй» Фернандо Ребело, амь үрэгдсэн хүний садангийн хүн: «Би өчигдөр орой 6 цагийн үед авга ахыгаа алдлаа. Бас миний охин дүү хортой шар айраг ууж хордоод эмнэлэгт хэвтэж байгаа». Мозамбик улсын нийслэл Мапуту хотод гэрийн нөхцөлд нэрсэн шар айраг уусан дахиад 3 хүн амь үрэгдсэн учраас нийт амь үрэгдэгсдийн тоо 72-т хүрч, эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүсийн тоо 150 болсон гэж Мозамбик улсын Эрүүл мэндийн яамны хүмүүс мэдээлжээ. Мапуту хотын эмнэлэгт хордож ирсэн 196 хүнээс 35-ыг гэрт нь буцаажээ. Одоо Мапуту хотын Читима дүүргийн эмнэлэгт 7 хүний биеийн байдал онц ноцтой сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа ажээ. Өнгөрсөн долоо хоногийн Бямба, Ням гаригуудад тус улсын иргэдийн Помбе гэж нэрлэдэг уламжлалт шар айраг уусан хэдэн арван хүн эхлээд Читима дүүрэгт дараа нь Сонго дүүрэгт хордож, эмнэлэгт хэвтэж эхэлсэн ажээ. Помбе гэдэг ундааг шар будаа болон эрдэнэшишийн үрнээс нэрдэг юм. Энэхүү ундаанд хэн нэгэн этгээд матрын цөс хольсон байсан учраас олон хүн хордсон гэж Цагдаагийн ажилтнууд үзэж байна. Уг шар айргийг нэрсэн торхнууд алга болчихсон учраас цагдаагийн мөрдлөг мухарджээ. Одоо цагдаагийн ажилтнуудад ямар ч сэжим байхгүй болсон гэж Мапуту хотын Нийслэлийн Цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Зеферино Санде сэтгүүлчдэд хэлжээ. Олон жил матар үржүүлж байгаа Өмнөд Африкийн фермер Жохан Марайс гэгч хэлэхдээ матрын цөс гэгч ногоон хүрэн шингэн бол ямар ч хоргүй зүйл гэж хэлж байлаа. Гэхдээ одоо Мозамбик улсад матар алсан хүн болгон цөсийг нь аваад олон хүний нүдний өмнө устгах үүрэгтэй болжээ. Мозамбикийн эрх баригчид гурав хоног улс орон даяар гашуудал зарласан байна. udur.mn

Холбоотой мэдээ