TV8

Responsive image

Сүхбаатар аймагт 50 ортой Эх хүүхдийн эмнэлгийн нээлт боллоо

2015-01-22 Улсын төсвийн хөрөнгө оруулалтын 3,1 тэрбум төгрөгийн өртгөөр боссон 50 ортой Эх хүүхдийн эмнэлгийн шинэ байрны нээлт Cүхбаатар аймаг боллоо. 1942 онд “Мандалын хийд” гэдэг газар 2 гэртэйгээр байгуулагдаж байсан төрөх тасаг ийнхүү зориулалтын шинэ байртай боллоо. Ингэснээр эмч ажилчдад ажиллах таатай нөхцөл бүрдэж, хамгийн гол нь жирэмсэн эхчүүд болон шинээр мэндлэж буй хүүхдүүдэд таатай орчин бүрджээ. Ийм эмнэлэг Булган, Өмнөговь аймгуудад баригдаж ашиглалтанд орсон бол 3 дахь нь Сүхбаатар аймаг орж байна. Эх хүүхдээ тосон авах шинэ байрны нээлтэнд зориулан ЭМС-ын яамнаас 10 гаруй сая төгрөгийн өртөг бүхий зүрхний бичлэгийн аппарат болон эх нярайн тусламж үйлчилгээ үзүүлэх тоног төхөөрөмжийг ЭМС-ын дэд сайд гардуулан өгсөн. Монгол Улсад өдөрт 250-300 жилд 80-90 мянган хүүхэд төрдөг байна. Тиймээс 2015 онд яамны зүгээс эх хүүхдийн хөгжлийн бодлогыг дэвшүүлсэн зорилт болгон ажиллаж байгаа гэдгээ дэд сайд хэлсэн үгэндээ онцолсон. Энэхүү барилга нийтдээ 3,1 тэрбум төгрөгөөр боссон. УБ хотын “Жи Жи Ай” барилгын компани гүйцэтгэжээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалт болон Аймгийн ЗДТГ, ИТХ 20 сая төгрөг, Баруун-Урт сумын ЗДТГ ИТХ гал тогооны хэрэгслээр бүрэн хангажээ. Аймгийн нэгдсэн эмнэлэгт жилд 1000-1400 эх төрдөг байна. Өмнө нь жирэмсэн болон 0-5 настай хүүхдүүд орны хүрэлцээгүй, багтаамж муутайгаас болж эмнэлгийн үйлчилгээг бүрэн авч чадахгүй байх, хөдөө сумдын жирэмсэн эхчүүд эмнэлэгт бус айлаар хонон өнжин төрөхөө дөхөхөөр эмнэлэг барааддаг байсан бол энэ цаг мөчөөс энэ байдал үгүй болно гэж хэлж болно. МУ-ын хэмжээнд 3 сая дахь иргэнээ хүлээж буй энэ цаг мөчтэй давхцан шинэ байрныхаа нээлтийг хийж байгаадаа тэд билэгшээж байсан юм. Эмнэлэг 3 давхар бөгөөд аймгийн нэгдсэн эмнэлэгтэйгээ хүзүүвчээр холбогдсон. Нэгдүгээр давхарт амбулатори болон хөдөө сумдын жирэмсэн эхчүүд байрлана. Хоёрдугаар давхарт жирэмсний эмгэгтэй эхчүүдийн тасаг, 3 давхарт төрөх болон нярайн тасаг байрлаж байгаа. Мөн 0 давхар буюу бидний нэрлэдгээр подвалын давхарт 6 машины гаражтайгаас гадна жирэмсэн эхчүүдийн дасгал хөдөлгөөний өрөө, үйлчилгээний заалыг тохижуулж өгчээ. Мөн тус эмнэлэг нь цахилгаан шаттай гэдгээрээ онцлог. Яг зориулалтын Эх хүүхдийн эмнэлэг гэдэг утгаараа өрөө тасалгаа, тоног төхөөрөмж, хэрэгслүүд бүгд зориулалтынх. Ингэснээр энд амаржих эхчүүд болон шинээр төрсөн хүүхдүүдийг таатай орчин угтах болно. 2015 оны 1-р сарын 21-ний өдөр шинэ эмнэлэгт анхны хүүхэд мэндэлж нээлтээ ч хийгээгүй байсан шинэ байрны жаврыг уйлах дуунаараа үргээжээ. Энэ өдөр нийт 4 хүүхэд шинээр мэндэлсэн. Тэдгээр хүүхдүүдэд сумын ЗДТГ-аас өлгий бэлэглэсэн. tv9.mn

Холбоотой мэдээ