TV8

Responsive image

Гурван сая дахь иргэн төрчихсөн ч байж магадгүй

2015-01-27 Үндэсний комисс хуралдаж байж гурван сая дахь иргэнийг төрсөн эсэхийг нягтална. Нэгдүгээр сар гарснаар иргэдийн дунд гурван сая дахь иргэний хүлээлт үүсгээд байгаа. Энэ сардаа багтаж Монгол Улсын гурван сая дахь иргэн мэндлэнэ гэсэн тооцоолол байна. Монгол улсын хэмжээнд төдийгүй, гадаадад амьдарч байгаа монголчуудын дундаас гурван сая дахь нэг иргэнийг тодруулж, нас чацуутан 200 гаруй хүүхдийг тодруулах юм. Манай улсын хамгийн тулгамдсан асуудлын нэг нь яах аргагүй хүн амынхаа тоог өсгөх явдал. Бид дөнгөж 3 сая дахь иргэнээ хүлээж байгаа ч бидний хойд хөрш ОХУ 146 сая, харин урд хөрш болох БНХАУ 1 тэрбум 300 сая өнөр өтгөн айлуудын дунд бид хэтэрхий цөөхүүлээ байгаа юм. Тэгвэл өнгөрсөн жилээс эхэлж ярьсан гурван сая дахь иргэний марафон энэ сараар эцэс болно. Шинэ он гарсан даруйд эрчимтэй ярьж, 3 сая дахь иргэнээ хэрхэн өлгийдөж авахаа эрх баригчид ярьж, төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гэгчээр бэлэн мөнгө, орон сууц амалж эхэлсэн. Тэгвэл ҮСХ-ны мэдээлснээр гурван сая дахь иргэн 1-р сардаа багтаж төрнө гэсэнчлэн энэ долоо хоногт төрөх магадлал илүү өндөр хувьтай байгааг хэлж байна. Гурван сая дахь иргэнийг тодруулахдаа 9 дүүрэг, 21 аймгийн хэмжээнд статистикийн хороонууд мэдээллийн сан бүрдүүлэн ажиллаж, тодруулах юм. Харин өнөөдрийн байдлаар гурван сая дахь иргэн хэдийд төрөх багцааг ҮСХ-ны дарга хэлж мэдэхгүй байна. Нэг үгээр гурван сая дахь иргэн төрчихсөн ч байж магадгүй байгаа юм. Учир нь орон даяар мэдээллийн сан хөтөлж байгаа ч үүнийг нууц байдалд байлгаж байна. Гурван сая дахь иргэнийг төрсөн эсэхийг мэдэх мэдээллийн санг нээж үзэх эрх бүхий гурван хүн томилогджээ. Эдгээрт ҮСХ-ны дарга Мэндсайхан, ҮСХ-ны Хүн ам, орон сууцны тооллогын товчооны дарга Амарбал, мөн тус хорооны нэг мэргэжилтэн байх юм. Эдгээр гурван хүн мэдээллийн санг нээж үзэхдээ эхлээд заавал Үндэсний комиссыг хуралдуулж, хэзээ мэдээллийн сангаа шалгах өдрийг товлоно гэнэ. Гэхдээ үндэсний комисс хэзээ хурлаа зарлах нь ч тодорхойгүй байгаа зэрэг бүрхэг мэдээллийг өгч байна. Дэлхий даяар тархсан монголчуудын дунд ч гурван сая дахь иргэнээ хүлээн авах хүлээлт байгаа. Энд нэг зүйлийг онцлоход 3 сая дахь иргэнийг төрсний дараа хэд хоногийн дараа ч олон нийтэд мэдээлэхэд гайхах хэрэггүй юм байна. tv9.mn

Холбоотой мэдээ