TV8

Responsive image

Эмнэлэг эрүүлжүүлэх байр болж эмч цагдаа шиг ажиллаж байна

2015-01-27 “Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хууль”-ийг 2014 оны 1-р сарын 1-нээс мөрдөхөөр болсноор эмнэлгүүд эрүүлжүүлэх байр болсныг бид сурвалжлан хүргэсэн. Тэгвэл энэ асуудал Сэлэнгэ аймагт ч гэсэн хурцадсан асуудал болоод байгаа талаар “Инфо” сүлжээний Сэлэнгэ аймаг дахь сэтгүүлч Туул мэдээ ирүүллээ. Өнгөрсөн 2014 онд хуулийг хэрэгжүүлэх хүрээнд аймгийн нэгдсэн эмнэлэгт 420 гаруй согтуу хүн яг иймэрхүү байдалтайгаар ирж үйлчлүүлжээ. Яаралтай түргэн тусламжийн тасаг нь хүнд өвчтөн, аваар осолд орсон иргэдээ багтааж шингээх газаргүй байхад ил, далд шарх сорвигүй согтуурлын хэмжээ нь дээд цэгтээ хүрсэнээс биш эмнэлгийн үйлчилгээ авах шаардлагагүй согтуу хүмүүст боломж бололцоогоороо эмнэлгийн үйлчилгээг үзүүлсээр иржээ. Гэхдээ тэдгээр согтуу иргэд зүгээр үйлчлүүлээд гарахгүй эмч, сувилагчдыг элдэв үгээр харааж ёс бус авир гаргаж байгаа нь хүнд хагалгаанаас гараад ирсэн эмч нарт сэтгэл зүйн дарамт өгдөг ч яалт ч үгүй хуулийг биелүүлэхийн тулд байнгын айдас хүйтэстэй ажиллаж байгаагаа тэд хэлж байна. Агсам согтуу тавиагүй л бол гудамжинд унаж хэвтсэн өтгөн шингэнтэйгээ холилдсон иргэдийг 103-ынхан дуудлагаар очиж хаа байгаа газраас нь очиж аван эмнэлэгт хүргэдэг болсныг тэр бүр иргэд мэддэггүй. Харин хамгийн их хүндрэл дарамт нь тэнд ажиллаж байгаа эмч, сувилагч мөн эмнэлгийн яаралтай тусламж авч хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнгүүд горыг нь хүртэж байна. Эмнэлэг үү эрүүлжүүлэх үү гэдгийг ч ялгахааргүй болгосон энэ хууль арай л нүдээ олоогүй сохор хууль байна гэдгийг иргэд шүүмжилж байна. Гадаад дотоод явж галуу шувууны мах иддэг сайд дарга нар гадны жишигт үйлчилгээг Монголд нэвтрүүлж байгаа нь сайшаалтай ч харсан зүйлээ цаасан дээр буулгаж бичихийнхээ өмнө түүнд шаардлагатай өрөө сав, согтуу иргэдийг харгалзах ажилтан, түүнд зарцуулагдах төсөв мөнгийг ч нэмэлгүйгээр хууль болгосон нь эргээд түүнийг хэрэгжүүлэгч доод байгууллагуудад ямар хүндрэл болохыг төсөөлөөгүй нь даанч харамсалтай. Архи хэтрүүлэн ууж эмнэлэгт хүргэгдэн иртлээ ууж байгаа иргэдийн ихэнх нь гэр оронгүй, захын архичид гэдэг цол автлаа уусан иргэд байдаг тэдний гаргах ааш авир нь цагдаа нарын бороохойгоор дарагддаг байсан бол одоо цагаан гартай эмч нарын чагнуурын үзүүр байтугай 2-3 эмэгтэй эмч нар ч нийлээд хөл гарыг нь тэнийлгэж дийлэхгүй тэдэнтэй ноцолдох, тэдэнд хараал зүхэл хэлүүлж ажиллаж байгаа эмнэлгийн байгууллагын үйл ажиллагаа энэ хэвээр үргэлжилвэл эмнэлэг биш эрүүлжүүлэх байр болж хувирахад ойрхон байна. tv9.mn

Холбоотой мэдээ