TV8

Responsive image

Манай улсад элэгний өвчлөл дэлхийн дунджаас найм дахин их байна

2015-01-28 УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос “Эрүүл элэг-эрүүл чийрэг монгол хүн” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Өнөөдрийн байдлаар манай улсад 750 мянган хүн элэгний вирусээр өвчилсний 300 мянган нь “В” вирусийн халдвартай, 450 мянган хүн “С” вирустэй / архаг вируст гепатитын халдвартай / гэсэн статистик үзүүлэлт байна. Энэ нь элэгний хавдраар нас барсан иргэдийн тоогоор Лаос, Египет, Вьетнам зэрэг улсаас 2-3 дахин их буюу дэлхийн дунджаас найм дахин их гэсэн үзүүлэлттэй байна. Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба ажлаа авсан даруйдаа элэгний С вирусийн өвчлөлийг бууруулахын тулд шийдвэрлэсэн нэг алхам бол “Эмийн журам”-нд өөрчлөлт оруулсан явдал юм. Эмийн хяналтын хатуу зохицуулалттай эрх бүхий байгууллагаас зөвшөөрсөн, ДЭМБ-ын эмчилгээний удирдамжид орсон эмийг тухайн байгууллагын албан ёсны вэб сайтад тусгагдсан мэдээллийг үндэслэн улсын эмийн бүртгэлд 30 хоногийн хугацаанд шууд хэлбэрээр бүртгэнэ. Энэ жагсаалтад АНУ, Англи, Австрали, Швейцар, Канад, Япон, Өмнөд Солонгос зэрэг өндөр хөгжилтэй орнууд багтдаг. Бусад улс орнуудад үйлдвэрлэгдсэн эм бэлдмэлийг журмаар энгийн гэсэн заалтын дагуу хоёроос зургаан жилийн хугацаатай судалж шинжилж байж эмийн бүртгэлд бүртгэх нь хэвээр журамлагдсан байгаа. Элэгний “С” вирусийг эмчлэх эм бэлдмэлийг хугацаа алдалгүй оруулж ирэх орчин бүрдсэн энэ үед одоо тухайн эмийг иргэдэд хямд өртгөөр хүргэх асуудал чухал болоод байгаа. Иймээс хэлэлцүүлгийн үеэр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд тухайн эмийг гаалийн албан татвараас чөлөөлөх, ЭМД-ын хөнгөлөлтөд хамруулах гээд бүхий л талаар нь судлан “Эрүүл элэг-эрүүл чийрэг монгол хүн”-ий төлөө хамран ажиллахаа уламжиллаа. tv9.mn

Холбоотой мэдээ