TV8

Responsive image

Гурван зуун ортой төрөх эмнэлгийн барилга эзэнгүйдлээ

2015-01-30 Эмнэлгийн барилгуудыг ашиглалтад оруулах гарц харагдахгүй байна. Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа 300 ортой төрөх эмнэлгийн барилгын ажил зогсоод олон жилийн нүүрийг үзэж байна. 2015 ондоо багтаж ашиглалтад оруулах тухай өмнөх засгийн газрын удирдлагууд ярьж байсан ч бодит байдал дээр эмнэлгийн асуудлыг хариуцах эзэн хаяггүй болжээ. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх компани улсаас санхүүжилтээ авсан хэдий ч эмнэлгийн барилгыг дуусгалгүй, улсын төсвийг завшсан асуудал үүсээд байна. 2013 онд ашиглалтад оруулахаар төсөл хөтөлбөрийг бэлдэж, 300 ортой төрөх эмнэлгийг барьж эхэлсэн ч өнөөдөр тус эмнэлэг төсвийн 18 тэрбум төгрөгийг царцаасан барилгуудын тоонд багтаад байна. Хэдийгээр төр, засгаас эмнэлэг барих санхүүжилтийн 95 хувийг олгосон гэх ч гүйцэтгэгч компани болох “Нийслэл өргөө”, “Пума констракшн” компаниуд эмнэлгээ цагт нь хүлээлгэж өгөөгүйн дээр төсвийн мөнгийг үрэн таран хийсэн хэрэгт буруутгагдаж байна. Улаанбаатар хотод эмнэлгийн барилга нь царцаагдаж, төсөв нь үрэгдсэн 300 ортой төрөх эмнэлгээс гадна ахмадуудад зориулсан Герентологийн төвийн барилга ч мөн царцаагдаад байна. Дээрх эмнэлгүүдийг энэ ондоо багтааж ашиглалтад оруулах боломж нөхцөл байхгүй гэнэ. Бодит байдал дээр байдал ийм байна. Нэг үгээр төр, засаг төсөв мөнгөө тооцоолоод өгсөн. Гэтэл компаниуд ханшийн өсөлтөөс үүдэлтэйгээр барилга байгууламжаа цаг хугацаанд нь барьж чадахгүй явсаар сүүлдээ нэмэлт төсөв нэхэж эхэлсэн байна. Харамсалтай нь 2015 оны төсөвт царцаагдсан барилгуудад нэг ч төсөв төсөвлөөгүй байна. Өөрөөр хэлбэл, эмнэлгийн барилгууд энэ ондоо багтаж ашиглалтад орохооргүй болжээ. Харин төсвийн мөнгийг үрэн таран хийсэн 300 ортой төрөх эмнэлгийн барилгыг царцаасан “Нийслэл өргөө”, “Пума констракшн” компаниудын хэрэг шүүхийн шатанд хянуулж байна. tv9.mn

Холбоотой мэдээ