TV8

Responsive image

Нэг айлын хоёр хүүхэд төрсний бүртгэлгүй амьдарч байгааг улс мэдэхгүй байна

2015-02-02 Хүүхдүүдийн ээж ор сураггүй болоогүй, сэтгэл санааны хямралд орсон гэв. Залуус нэгдэж 5 сартай хүү, 1 ой 9 сартай охинд тусламжийн гараа сунгаж эхэллээ. Өл залгуулах хоол хүнсгүйгээс болж таван сартай нярай болон ой 9 сартай хүүхдүүд эмээгийн хамт ядуу зүдүү амьдарч байгаа мэдээлэл сошиал ертөнцөд олны анхаарлыг татаад байна. Хүүхдүүдийн эмээ, ээж нь ажилгүй учраас тэд өдөр хоногийг арай ядан өнгөрөөдөг. Гэтэл засаг захиргааны анхны нэгж болсон хороо нь хорвоод мэндлээд 2 нас хүрэх гэж байгаа охин болоод 5 сартай бяцхан хүүг улсын бүртгэлд ч бүртгээгүй, хөсөр хаясан асуудал ил болоод байна. Болормаа гэх 50 гаруйхан настай энэ эмэгтэй Дорнод аймгаас Улаанбаатар хотод шилжин ирж, Баянзүрх дүүргийн 23-р хороонд оршин сууж байна. Харин зээ хүүхдүүдийнх нь ээж болох түүний 19 настай охин одоог хүртэл цахим үнэмлэхээ авалгүй явсаар өдийг хүрч, ажил ч үгүй, сургуульд ч сураагүй, хувиараа ойр зуурын ажил хийж амьдрах болсон байна. Сүүлийн хэд хоног энэ айлын талаарх мэдээлэл гарахад 5 сартай болон ой 9 сартай нялх үрсээ хаяад ор сураггүй болсон гэж түүний тухай мэдээлж байгаа. Өдийг хүртэл буюу Болормаагийн зээ охиныг нэг нас 9 сар хүртэл, хүүг нь 5 сар хүртэл нь Баянзүрх дүүрэг болоод хариуцсан хороо энэ хугацаанд юу хийсэн бэ? Тэд бяцхан монгол үрсийг хорвоод мэндлээд байхад улсын бүртгэлд ч бүртгээгүй байх юм. Хэдийгээр ирэх мягмар гариг гэхэд Батнарангийн иргэний үнэмлэх бэлэн болно гэж байгаа ч түүнд амьдралыг нь залгуулах ажил юунаас ч илүү эрхэм болоод байгаа юм. Харин Болормаа гэх энэ эмэгтэйн амьдралыг олны өмнө ил болгосон “Монгол тусгал залуусын нэгдэл” ТББ-ын анхлан мэдээлснээр фэйсбүүкийн залуус нэгдэж Болормаа, Батнаран болон түүний бяцхан хүүхдүүдэд тусламжийн гараа сунгаж эхэлжээ. Хорвоод мэндлээд хоёрхон сартай байхад нь хүүгийн аав мотоциклийн ослоор нас барж, 19 настай бүсгүй энэ хорвоог хэрхэн туулахаа мэдэхгүй явсаар өнөөдөр ийм байдалд хүргэжээ. Гэтэл Монгол улс 3 сая дахь иргэнээ өлгийдөн авсан баярт мэдээгээр төсвийн олон сая төгрөгийг бэлэгдлийн чанартай тарааж байхаар энэ мэт амьдралын хар бараан сүүдэр дор тэмтчиж яваа бяцхан үрсдээ зориулсан бол гэдэг асуудал ч тулгарч байгаа юм. цаашдаа ч сайхан сэтгэлт монголчуудын тусламжийн гар энэ айлаас бүү салаг. tv9.mn

Холбоотой мэдээ