TV8

Responsive image

Иргэд амьжиргааны мөнгөөрөө эм худалдан авдаг

2015-02-11 Төсвөөс санхүүждэг эрүүл мэндийн даатгалын тогтолцоотой манай улсад иргэд амьжиргааны мөнгөөрөө эм худалдан авдаг юм. Өөрөөр хэлбэл, орлого багатай иргэдэд зориулсан хүртээмжтэй, хямд эм байдаггүй учраас өвдсөн л бол ядуучуудын эгнээнд нэгддэг байна. Эмийн үнэ хэрхэн тогтдог нь тодорхойгүй, дээрээс нь зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй эмийн сангууд өөрийн дуртай үнээрээ эм худалддаг байдал иргэдийг сөхрүүлсээр... Тодруулбал, хотын захын эмийн сан, хотын төвийн эмийн сангуудын үнэ хоорондоо тэс өөр. Энэ мэт төрийн хяналтаас гарсан эмийн үнэ, өвчин туссан монголчуудыг дарамтлаж, өртөг өндөртэй эм хэрэглэхийг тулган шаарддаг. Өвчнөө эдгэрүүлэх гэсэн иргэд хамаг юмаа барьцаалан байж, олон улсын брэнд гэх эмүүдийг худалдан авдаг юм. Харин үр дүнд нь ядуу иргэдийн хүрээ тэлэгдэнэ. Ийм л нөхцөл монголын эмийн салбарт бий болжээ. Мөн дээрээс нь хуурамч эм болоод хаана, хэзээ үйлдвэрлэгдсэн нь тодорхойгүй эмүүд ч худалдаалагддаг юм. Өвчин туссан иргэдийн өвчнөөр нь тоглож, ямар нэгэн улсын нэрийг барьж, эм зардаг хүмүүс ч байдаг. Өөрөөр хэлбэл, энэ мэт асуудал эмийн зах зээлд бугшиж, үүний сөрөг нөлөө орлого багатай иргэдэд хүндээр тусч байна. Тиймээс ДЭМБ-аас эмийн үнийн тогтолцоог ил тод болгох санаачилгыг гаргасан юм. tv9.mn

Холбоотой мэдээ