TV8

Responsive image

Ардын жүжигчин Ц.Батчулууныг эцсийн замд нь үднэ

2015-02-11 Цэндийн Батчулуун нь их хуурч Г.Жамьян багшийнхаа эрдэм ухааныг өвлөн авч хуурынхаа тунгалаг яруу эгшиглэн, түүнд шингэсэн монгол хүний авьяас билэг, оюун чадлыг хөвчин дэлхийд хүртээн хүргэхийн төлөө насан туршдаа тэмцэн зүтгэсэн мятаршгүй эх оронч нэгэн байлаа. Монгол улсад морин хуурын дөрвөл, Морин хуурын чуулгыг үүсгэн байгуулж, Морин хуурын олон улсын наадам, симпозиум зохион байгуулж, Морин хуурын чуулгын олон шинэ бүтээлийн хөтөлбөр боловсруулан өөрийн орныхоо болон дэлхийн улс түмэнд хүргэсэн гавьяатай нэгэн юм. Тэрээр хөгжмийн зохиолч З.Хангал, Ц.Нацагдорж, Н.Жанцанноров нарын морин хуур найрал хөгжмийн концертууд, Э.Чойдогийн “Талын аялгуу" Г.Бирваагийн “Уянгын аяз", болоод үндэсний уламжлалт урт богино дуу, дэлхийн сонгодог, шинэ цагийн хөгжмийн 100 орчим бүтээл хуурдаж үндэсний радиогийн алтан сан хөмрөгт үлдээсэн алдарт хуурч юм. Монгол төрийн их найрал, Морин хуурын чуулга, Улсын филармонийн симфони найрал, ОХУ-ын Владимир хотын Орос ардын найрал, Япон улсын Фукуока хотын Кюүшү симфони найрал зэрэг хөгжмийн томоохон хамтлагийг удирдан олон зуун бүтээлийг дэлхий дахинд эгшиглүүлсэн нэрт удирдаач байсныг эргэн дурсаж байна. Мөн Азийн урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь тэмдэглэж Япон улсын Эзэн хааны зарлигаар Япон улсын “Мандах нар" одонгийн “Нарны алтан туяа" одонгоор шагнаж байжээ. Хүн төрөлхтний утга соёл, биет бус соёлын шилдэг дээжсээр морин хуурыг Монгол улсын нэрээр тунхаглан зарлаж ЮНЕСКО-д бүртгүүлэхэд Ц.Батчулуун агсан онцгой үүрэг гүйцэтгэсэн юм. Түүнийг сүүлчийн замд нь СТӨ-нөөс үднэ. Их хуурчаа монголчууд төдийгүй орон орны ард түмэн санагалзаж байна. tv9.mn

Холбоотой мэдээ