TV8

Responsive image

Даатгуулагч иргэн жилд 1 сая 800 мянган төгрөгийн эрүүл мэндийн үйлчилгээ авна

2015-02-24 Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж байгаа иргэн та жилийн хугацаанд 1 сая 800 мянган төгрөгийн эрүүл мэндийн үйлчилгээг авах журам бий. Гэтэл насаараа даатгал төлөгч иргэн хааяа нэг эмнэлгийн үйлчилгээ авахдаа халаасаа хоосолдог нь дээрх даатгалын үйлчилгээ иргэдээсээ хэр холдсоныг батлах юм. Тэгвэл шинэ хууль эрх зүйн орчин бүрдснээр иргэддээ хүрдэг тогтолцоотой болно гэж албаны хүн тайлбарлалаа. Хуучин тогтолцоогоор бол иргэд сард хэдэн төгрөг төлдөг тэр мөнгө нь жилд хэд болдог. Энэ мөнгөндөө эрүүл мэндийн ямар үйлчилгээг үнэ төлбөргүй авах ёстойгоо ч мэдэхгүй явж ирсэн нь дээрх үйлчилгээний хүртээмж ямар байгааг харуулна. Тэгвэл хуулийн өөрчлөлт шинэчлэлийн хэд хэдэн агуулгыг багтаажээ. Тодруулбал оюутан, сурагчдын хувьд төрөөс шимтгэлийг нь хариуцан төлдөг байсан нь хэт бага буюу нэг сарын 670 төгрөг, жилийн 8040 төгрөг байжээ. Энэхүү 8040 төгрөгөөр чанартай тусламж үйлчилгээ хүрэхэд хүндрэлтэй байсныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулахаар хуулинд өөрчлөлт орсон. Оюутан, сурагчдын хувьд төрөөс хариуцдаг байсан бол энэ хуулийн шинэчлэлтээр өөрөө хариуцан төлдөг болж байна. Дээр нь даатгуулагч жилдээ 1 сая 800 мянган төгрөгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг төлүүлэх эрхтэй. Харин шинэ хуулиар өвчлөмтгий, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ байнга шаардлагатай энэ хүмүүсийн хувьд энэхүү төлбөрийн хэмжээ нь дуусвал тухайн өрхийн гишүүд ЭМД-аа бүрэн төлсөн тохиолдолд өрхийн гишүүнийхээ зөвшөөрснөөр нэг удаа төлбөрийг буюу 1 сая 800 мянган төгрөгийг шилжүүлэн зарцуулах эрх нь нээлттэй болно. Ингэснээр тухайн айл гэрийн санхүүгийн ачааллыг хөнгөлөх, амьжиргаанд нь дэмжлэг үзүүлж байгаа хэлбэр юм. Энэ мэт иргэддээ хүрдэггүй гэж адлуулдаг байсан эрүүл мэндийн даатгалын тогтолцоо хууль эрх зүйн шинэ орчин бүрдснээр даатгалын үр шим гардаг болохыг холбогдох байгууллагуудаас мэдээллээ. tv9.mn

Холбоотой мэдээ