TV8

Responsive image

Сүхбаатар аймгийн гал унтраах ангид техник хэрэгсэл шаардлагатай байна

2015-03-09 Сүүлийн үед Сүхбаатар аймагт өндөр барилга, байгууламж баригдаж, энэ хэрээр ОБХ-ийн техник, хэрэгсэлийн хүчин чадал хүрэлцэхгүй болж байна. Тиймээс хөгжлөө дагаад гал унтраах ангийн техник, хэрэгслийг сайжруулж, 2-р зэрэглэлийн анги болох шаардлагатай байна. Сүхбаатар аймгийн ОБХ 1972 онд байгуулагдсан. Гал унтраах 15-р анги нь 3-р зэрэглэлтэй. Сүүлийн жилүүдэд аймаг орон нутаг өргөжин тэлж, олон давхар байшин барилга ихээр нэмэгдэж байгаатай холбоотойгоор ОБХ-ийн ажиллах хүч болоод техник хэрэгслийг сайжруулах шаардлага тулгараад байгаа. Өнөөдрийн байдлаар тус анги нь үндсэн албаны 2, ус тээвэрлэх 2 машин, ачааны 1 машин, шуурхай албаны 2 пургон, хоёр 69 машинтайгаар үйлчилгээ үзүүлдэг. Шуурхай албаны тэргүүд нь гайгүй ч яг гал гарч буй цэг дээр ажиллах машин техникүүдийг шинэчлэх шаардлагатай. Аль хэлтэс байгуулагдахад ирж байсан машинууд өнөөг хүртэл явсаар байгаа юм. Аймгийн гал унтраах анги 3 давхар хүртэлх өндөрт ажиллаж чадна, түүнээс дээш буюу өөрөөр хэлбэл 4 давхарт гал түймэр гарлаа гэхэд унтраах чаддаггүй гэнэ. Гэтэл баригдаж байгаа байшин барилгууд 4-16 давхар байгаа. Аймгийн ОБХ-т ирэх гал түймрийн дуудлага жилээс жилд нэмэгдсэн байна. 2012 онд 22 байсан бол 2013 онд 50, 2014 онд 64 болжээ. Энэ бол зөвхөн ой хээрийн түймрийн дуудлага, үүний хажуугаар ахуйн түймэр мөн их гардаг. Ялангуяа хавар намрын цагт ОБХ-т ирэх дуудлага эрс нэмэгддэг байна. Түймрээс гадна цас, шуурга, үер гээд байгалийн гамшгийн үед төөрсөн, саатсан хүмүүст туслах гээд аврах үйлчилгээг бас үзүүлдэг. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн жил шүлхийн үеэр нэг шинэ пургон машин, 2013 онд нэг ус тээвэрлэгч машиныг шинээр авсан. Техник хэрэгслээс гадна ажиллах хүн хүч ч мөн л дутмаг байдаг. Одоогоор 29 аврах гал сөнөөгч ажиллаж байна. Гай зовлон хэлж ирдэггүй. Аймгийн хүн ам ихсэж, байшин барилгын тоо ч өссөөр байна. Үүнийгээ дагаад аливаа гарах эрсдэл мөн л нэмэгдэнэ. Тиймээс цаг үеэ дагаад аймгийн ОБХ 2-р зэрэглэлийнх болох шаардлагатай байгаа гэдгийг хэлсэн. Ингэж байж элдэв осол гэмтэл, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гарсан тохиолдолд шаардлагатай арга хэмжээг нэн даруй авах боломжтой болох юм. tv9.mn

Холбоотой мэдээ