TV8

Responsive image

Шүлхийгээр өвчилсөн малын тоо 840-д хүрсэн байна

2015-03-11 Ховд аймгийн Булган, Үенч суманд хүн мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарснаас хойш багагүй хугацаа өнгөрч байна. Өнөөдрийн байдлаар Булган суманд 730 мал, Үенч суманд 110 мал шүлхийгээр өвчилсөн байна. Шүлхийгээр өвчилсөн малын тоо 840-д хүрсэн бөгөөд үүнээс тэмээ-14, үхэр-338, хонь-89, ямаа-399 өвчилсөн байна. Булган, Үенч суманд гарсан олон улсын худалдааны хөл хориот хүн мал амьтны гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх үйл ажиллагааг хянах, зөвлөгөө өгөх аймгийн онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын ажлыг уялдуулан зохицуулах зорилготой Улсын онцгой комиссоос томилогдсон ОБЕГ-ийн Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга онцгой байдлын дэд хурандаа Мандахгэрэлээр ахлуулсан ажлын хэсэг Алтай суманд байрлах хээрийн штабд ажиллалаа. Үүссэн нөхцөл байдлыг төв рүү мэдээлэх үүрэг бүхий хээрийн штабд ажилласнаар тулгамдсан асуудлуудыг сонсож үүний дагуу хорио цээрийн дэглэмийг улам чангатгаж голомтын бүс рүү нэвтрэх голомтын бүсээс гарахыг хатуу хориглолоо. Мөн 4-р сарын 1 хүртэл Ховд аймгаас баруун хил рүү зорчихгүй байх, хилийн худалдаа наймаа хийхийг зогсоосон байна. Шүлхий өвчний голомтын бүс болох Ховд аймгийн Булган, Үенч суманд вакцинжуулалтын ажлыг 3-р сарын 6-ны өдрөөс эхэлсэн бөгөөд өнөө өглөөний 8 цагт авсан мэдээллээр вакцинжуулалт 27, 8 хувьтай явагдаж байгааг албаны сурвалж хэлж байна. Голомтын бүс болох Булган, Үенч сумаас гадна Үенч сумтай хил залгаа оршдог Алтай сумын багуудын нутагт байгаа 25 мянган малыг вакцинд хамруулах ажлыг удахгүй эхэлнэ. Одоогоор шүлхий өвчний голомтын бүс болох Булган суманд 13 пост, Үенч суманд 8 пост ажиллаж байна. Харин ариутгал халдваргүйжүүлэлтийн 3 машин ажиллаж, халдваргүйжүүлэлтийг цаг алдалгүй хийж байна. Голомтын бүс болон постууд, хээрийн штабд нийтдээ 70 гаруй хүн ажиллаж шүлхий өвчинтэй тэмцэх, шүлхий өвчний тархалтыг зогсоохоор ажиллаж байгаа юм. Хэрэв хорио цээрийн дэглэмийг сахихгүй бол өвчний тархалт улам нэмэгдэх эрсдэл ойрхон. Иймээс Ховд аймгийн Булган, Үенч сум буюу голомтын бүсэд хорио цээрийн дэглэмийг чангатгалаа. Харин иргэд та бүхнийг шүлхий өвчин гарсан Ховд аймгийн Булган, Үенч сумын нутаг руу зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байна. tv9.mn

Холбоотой мэдээ