TV8

Responsive image

“Ёс суртахууны монгол цагаан толгой” хэвлэгдлээ

2015-03-11 “Ёс суртахууны монгол цагаан толгой” хэвлэгдлээ Хүүхэд багачуудад ёс суртахууны боловсрол олгоход чиглэсэн сонирхолтой номыг академич С.Нарангэрэл багш уншигчдын гар дээр тавилаа. Энэ бүтээлээ тэрээр өнгөрсөн онд олны хүртээл болгосон “”Чингис хааны ёс суртахуун-эрхзүйн шаштир” бүтээлээсээ сэдэвлэн зохиожээ. Номд монголчуудын хэдэн мянган жилийн тэртээгээс үр хүүхдээ сургаж, хойч үедээ өвлүүлж, ахуй амьдралдаа дадал зуршил болгож ирсэн ёс суртахууны бүхий л зарчмуудыг онцлон багтаасан байна. Тухайлбал, цагаан толгойн ном ёс суртахууны эрхэм сайхан чанар болох найрсаг зан, жудаг, шударга ёс, эр зориг, ичгүүр, нинжин сэтгэл, нэр төр, тэвчээр, эв эе гэсэн есөн бүлэгтэй юм. Ингэхдээ эмээ, өвөө, ач хүү, зээ охин гэсэн дөрвөн гол баатарын хооронд өрнөж буй үйл явдал, тэдний үг яриа, үйл хөдлөлд ёс заншил, уламжлал, ёс зүйн зарчмыг шингээжээ. Тиймээс хүүхэд багачууд уншихад ойлгомжтой, энгийн хэллэгтэй, түүх, баримтыг уран зургаар өгүүлсэн учраас зугаатайн дээр ёс зүйн боловсрол, мэдлэг олгож чадах сайн ном болсныг сурган хүмүүжүүлэгчид онцолж байна. Мөн номын хуудсыг хаанаас нь ч сөхөөд үзэх боломжтой хэрэглээ талаасаа ч авсаархан ном болж чаджээ. Номын нэгдүгээр бүлэгт, өсвөр үеийнхний дунд үүсдэг нийтлэг алдаа, зөрчил, харилцааны асуудлыг өгүүлжээ. Тэдгээрийг давтан үйлдэхгүй байхад Чингис хааны үеийн түүхэн баримтад түшиглэсэн ёс суртахууны сургамжит бөгөөд сонирхолтой үйл явдлуудыг дараагийн бүлэгт өгүүлэх зэргээр сонирхолтой өрнөлийг бий болгосон байна. Энэ мэтээр номын бүтэц ямар байх, тэр нь уншигчдын номоос олж авсан мэдлэгийг бататгахад зохиолч хэрхэн анхаарсныг сүүлчийн бүлгээс харж болно. Тухайлбал, номын төгсгөлийн “Бодрол ухаарал” хэмээх хэсэгт монгол хүүхэд бүр насан туршдаа санаж явах ёстой ёс суртахууны дүгнэлт, сургамжийг нэтгэн оруулжээ. Монгол Улс маань хөгжлийн төлөө газрын хэвлий доорх баялгаа ухаж, уул уурхай хөгжүүлж нэг хэсэг үзсэн. Гэвч чадаагүй. Тэгвэл өвгөд дээдээс уламжилж ирсэн оюун санааны баялагаа үнэт зүйл болгож хөгжих цаг иржээ. Үүний эхний сэрүүлэг, уриа дуудлага, ухаалаг санаачилгыг академич С.Нарангэрэл багш “Ёс суртахууны монгол цагаан толгой” номоороо ийнхүү эхлүүлээд байна. Монголчууд дэлхийд бахархалтай үндэсний ёс суртахууны өв сантай бөгөөд түүгээрээ дэлхийн Эзэнт гүрнийг цогцлоож байсан билээ. tv9mn

Холбоотой мэдээ