TV8

Responsive image

Ахмад дайчин Ж.Цэдэнсодномд хүндэтгэл үзүүллээ

2015-03-16 1945 оны чөлөөлөх дайнд оролцож явсан 5 ахмад дайчин Ховд аймагт энх тунх амьдарч байна. Тэдний нэг болох Ховд аймгийн Жаргалант сумын ахмад дайчин Жарантайгийн Цэдэнсодном юм. Ховд аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа А.Эрдэнэчулуун болон Аймгийн Ахмадын хорооны дарга Ч.Дамбадаржаа нар гэрт нь очин хүндэтгэл үзүүлсэн байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар энэ онд Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойг орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор 1945 оны Долоннуур-Жэхэчээс, Жанчхүүгийн даваа хүртэлх чиглэлийн тулаануудад оролцож явсан ахмад дайчдад хүндэтгэл үзүүлэх, алдаршуулах ажлыг зохион байгуулж байна. Энэ үйл ажиллагааны хүрээнд 1945 оны чөлөөлөх дайнд Ховд аймгаас оролцож байсан ахмад дайчдын нэг Жарантайгийн Цэдэнсодномд хүндэтгэл үзүүллээ. Ахмад дайчин Жарантайн Цэдэнсодном 20 насандаа маршал Чойбалсангаас цэргийн зарлан дуудах бичиг авч байжээ.Тэрээр төрсөн нутгаасаа унаж явах хүлэг мориныхоо хамт эх орноо хамгаалах үйлсэд өөрийгөө зориулахаар 1500 гаруй км-ийг туулан Улаанбаатар хотод очиж байжээ. Анх 9-р морьт хороонд цэргийн пулемёнтын ангид хуваарилагдсан түүнийг хөгжмийн салаанд татан оруулснаар тухайн үеийн ёслолын хөгжим эгшиглүүлэх хүндтэй үүргийг хүлээсэн байна. Ахмад дайчин Жарантайгийн Цэдэнсодном өдгөө 92 насыг зооглож байна. Тэрээр 1945 оны чөлөөлөх дайны жилүүдэд 4 жилийн турш ёслолын хөгжимчин хийж Цэдэнбал, Чойбалсан нарыг үдэж, угтаж явсан дайны жилийн чухал үүрэг гүйцэтгэсэн ахмад дайчдын нэг юм. tv9.mn

Холбоотой мэдээ