TV8

Responsive image

БЗД-ийн 28-р хороо нийслэлд “Жишиг хороо” болон хөгжиж байна

2015-03-16 БЗД-ийн 28-р хорооны иргэд өөрсдийн санаачлагаар гудамжаа тохижуулж байна. Гэр хорооллын иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл тэр бүр хангагдаж чаддаггүй. Тэгвэл БЗД-ийн 28-р хорооны иргэд өөрсдийн санаачлагаар амьдарч байгаа орчноо тохижуулж нийслэлд жишиг хороог байгуулаад байна. БЗД-ийн 28-р хороо буюу Хужирбулангийн айл өрхүүд бүлгэм болон нэгджээ. Одоогоор 35 бүлгэм байгуулагдсан бөгөөд нэг бүлгэмд 8-15 өрх хамрагдсан байна. Өрхийн гишүүн бүр бүлгэмийн санаачлан хэрэгжүүлэх ажилд гар бие оролцож байгаа юм. Ингэснээр гудамж хороондоо хийгдэж байгаа бүтээн байгуулалтанд иргэд өөриймсөг сэтгэлгээгээр хандах хандлага төлөвшиж эхэлж байгааг дүүргийн зүгээс онцолж байна. Бүлгэмүүдийн хийж хэрэгжүүлсэн ажлаас дурдвал, “Гэрэлт гудамж”, “Нарлаг”, “Саруул” бүлгэмүүд хамтран 1250 метр талбайг буюу тус хорооны нүүрний эгнээний 50 гаруй өрхийн хашааг моджуулсан байна. 70-90 см-ийн өндөртэй улиас, бургас хар модыг суулгаж хашаажуулсан бөгөөд энэ ажлыг дээрх 3 бүлгэмийн 40 гаруй иргэд хийсэн байна. Харин “Өгөөмөр” бүлгэм гудамжныхаа замыг тэгшилж гэрэлтүүлэг, камержуулалт тавиад зогсохгүй хашаа, хаалгаа ижил өнгөөр будаж 28-р хороондоо хамгийн шилдэг тохижилтыг хийсэн байна. Ингэснээр шөнө орой гардаг хулгай, дээрэм гэмт хэргийн гаралт ч буурчээ. Улмаар өвөлдөө халтиргаа гулгаа үүсдэг, зундаа шавар шавхайгаар дүүрч ус ихээр тогтдог гудамжныхаа замыг тэгшилж хайрга дэвсэж, явган хүний зам тавьсан нь дээрх асуудлыг шийдэж чадсан байна. Энэ мэтээр бүлгэмүүд айл өрхүүдийнхээ санаачлагаар гудамжуудаа тохижуулаад зогсохгүй тус хороонд хүүхдийн тоглоомын талбай байгуулжээ. Ингэснээр 28-р хорооны хүүхдүүд тоглох талбай, хөгшчүүл нарлах, бялдаржуулах техник хэрэгсэлтэй болоод байна. Ийнхүү тус хороо оршин суугчдын санаачлага, оролцоотойгоор хөгжихөд Дүүргийн хөгжлийн төв мэргэжил арга зүй болон санхүүгийн дэмжлэг үзүүлж байна. Улмаар энэ жил дүүргийнхээ бусад хороодыг 28-р хорооны жишгээр тохижуулах төлөвлөгөөтэй байна. Ингэж иргэдийн оролцоотойгоор тухайн хороог хөгжүүлэх нь олон давуу талтай байна. Наад зах нь иргэд өөрсдийн хийж бүтээсэн гудамж талбайгаа хайрлаж хянаж хамгаалахад онцгой анхаарал хандуулж байгааг онцоллоо. tv9.mn

Холбоотой мэдээ