TV8

Responsive image

Шийдлийн засгийн газар уул уурхайг түшиглэсэн эдийн засгаас татгалзахгүй

2015-03-23 Шийдлийн засгийн газар бүрэлдээд 100 хонож байна. Энэ хугацаанд эдийн засгийн хүндрэлийг даван туулах зорилготой ажлуудыг санаачилсан ч богино хугацаанд үр дүнгээ өгөөгүй юм. Өөрөөр хэлбэл, урт хугацаандаа ашгаа өгөх уул уурхайг түшиглэсэн эдийн засгаа хөгжүүлэх бодлого баримтална гэдгийг шинжээчид хэлж байна. Тодруулбал, шинэ засгийн газар ажлаа төсвийн тодотголоос эхэлсэн. Ингэхдээ төсөв нэртэй мөрөөдлийн жагсаалтыг танах гэж оролдсон. Тэтгэвэрт гарах иргэд, хөгшид өвгөд, ээжүүдийг уурлуулан байж нэг их наяд төгрөгийн таналтаас 50 хувийг нь ажил хэрэг болгосон юм. Мөн хайгуулын лицензүүдийг сэргээж, шүүхээр эрх хаагдсан 106 лицензийн асуудлыг ч шийдвэрлэсэн. Энэ мэт ажлаас харахад Шийдлийн засгийн газар хөгжлийн замаа сонгохдоо уул уурхайг түшиглэсэн эдийн засгаас татгалзаж чадаагүй юм. Ингэхдээ “Оюутолгой”, “Тавантолгой” зэрэг томоохон төслүүдээ эдийн засгийн эргэлтэнд оруулж, эдийн засгаа тэлэх замаар ханшаа тогтоон барих замыг илүүд үзсэн хэрэг. Мөн алтны олборлолтыг эрчимжүүлэх гол чиглэлийг барьж байна. Засгийн газрын үйл ажиллагааг дүгнэх гол үзүүлэлтийн нэг нь долларын ханш, гадаадын хөрөнгө оруулалт юм. Өнөөдөр 100, 100-н саяар буурч байгаа хөрөнгө оруулалтыг харахад л эцсийн дүгнэлт гарч болно. Гэхдээ олон жилийн турш үүссэн эдийн засгийн хүндрэл хэдхэн сарын дотор өргөс авчихсан юм шиг арилахгүй нь ойлгомжтой юм.

Холбоотой мэдээ