TV8

Responsive image

Занданшуулсан шарилыг яамны харьяанд шилжүүлжээ

2015-03-24 Сонгинохайрхан дүүргийн айлын хашаанд нуусан байсан занданшуулсан шарилыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шалгаж, хадгалж байсан. Тэгвэл Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс уг занданшуулсан шарилыг БСШУЯ-ны харьяанд шилжүүлсэн байна. “Занданшуулсан шарил”-ын асуудалд Дүүргийн 2-р прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа. Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн орлогч дарга Батбаяр, хяналтын прокурор Р.Энхтуяа, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 2-р хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Г.Галбадрах, бурханч лам Г.Пүрэвбат нараар ахлуулсан ажлын хэсэг занданшуулсан шарилыг БСШУЯ-ны харьяанд шилжүүлж, мөн Гандантэгчилэн хийдэд сэргээн засуулахаар шилжүүлж өгчээ. Мөрдөн байцаалтын явцад энэхүү занданшуулсан шарил нь Архангай аймгийн Цахир сумын “Гэсэр” хэмээн өргөмжлөгдсөн шүтээнтэй хамт тус сумын “Хан-Уул” багийн “Хөх нуруу” гэдэг газар “Содномдаржаа” уулын өвөрт ил оршуулсан Цорж Санжжав гэж олноо хүндлэгдсэн лам хүний цогцос мөн болох нь тогтоосон. Шүүхийн шинжилгээний үндэсний төв болон Шүүх эмнэлгийн хэлтсийн дарга асан Д.Дагиймаа тэргүүтэй шинжээч эмч нар хууль зөрчин хуурамч дүгнэлт гаргаж бусдад “үйлчилдэг” гэх асуудал гараад багагүй хугацаа өнгөрч байна. Мөрдөн байцаах ажиллагаа болон прокурорын хяналтад шүүхийн шинжээч эмч нар мөрдөн байцаалтад саад учруулж, зориуд хуурамч дүгнэлт гаргасан гэдгийг тогтоон шүүхэд шилжүүлээд байгааг эх сурвалж мэдээлж байгаа юм. Энэ хэргийг өмнө нь шүүхээс нэг удаа хэрэгсэхгүй болгож, прокуророос эсэргүүцэл бичсэнээр энэ хэрэг дахин шалгагдаж эхэлсэн гэнэ. Энэ хэрэгт ашиг сонирхлын зөрчлийн улмаас, хуурамч дүгнэлт гаргаж бүлэглэн хуурамчаар гарын үсэг зурдаг гэж сэжигтнээр татагдсан хоёр эмч одоо болтол ажиллаж, дүгнэлт гаргасан хэвээр байгаа гэнэ. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дэд дарга Ц.Гантулгаас “Д.Дагиймаа тэргүүтэй эмчтэй холбоотой хэрэгт шалгагдсан эмч нараас хоёр эмч манай орон нутгийн салбарт ажиллаж байгаа. Тус хоёр эмч нь тухайн үед дүгнэлт гаргах эрхгүй байж гарын үсэг зурсан байдаг юм билээ” гэсэн юм. “Дээрх хэргээс улбаалж иргэд шүүх эмнэлгийн дүгнэлтэд эргэлзэж, гомдол гаргах нь ихэссэн тул сар бүр “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулж үнэнч шударгаар ажиллаж буйгаа харуулахыг хүсч байгаа” гэдгийг тус газрын удирдлага хэлж байна. tv9.mn

Холбоотой мэдээ