TV8

Responsive image

”Алтайн буян” үйлдвэрийн барилга балгас болжээ

2015-03-25 1982 онд ОХУ-ын барилгачид барьж ашиглалтанд оруулж байсан Хүнсний үйлдвэр 1997 оныг хүртэл тогтвортой ажиллаж, 270-аад хүнийг ажлын байраар ханган тухайн үедээ 30-аад нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байжээ. Харин 1997 оны их хувьчлал нэрийн дор зах зээлийн шуурганд өртөж, хүнсний үйлдвэрийн ажилчид цомхотголд орон ажилгүй болсон эмгэнэлтэй түүх бий болжээ. Хүнсний үйлдвэрийн дампуурал тухайн үед ажиллаж байсан ажилчдын хувьд хүнд цохилт болсон байна. Хэдийгээр үйлдвэрийн ажилчид нэг нэгээрээ халагдан, үйлдвэр нь дампуурсан ч 18 жил шүүхийн хаалга татаж, хэд хэдэн шүүх хуралдаан хийж, шударга үнэний төлөө зүтгэсний үр дүнд өнөөдөр хүнсний үйлдвэрийн ажилчид шүүхийн шийдвэрээр үйлдвэрээ эргүүлэн аваад байна. Нэгэн үед олон зуун ажилчдын хүч хөдөлмөрөөр тогтвортой үйл ажиллагаагаа явуулан зөвхөн хүнсний төдийгүй савангийн үйлдвэр, ажилчдын хүүхдийн цэцэрлэг хүртэл ажиллаж байсан Ховд аймгийн урдаа барьдаг байсан Хүнсний үйлдвэр хувьчлалын үр дүнд өнөөдөр ийм л дүр зурагтай болсныг харахад харамсалтай. Олон хүний хүч хөдөлмөрөөр сүндэрлэн босож, олон зуун ажилчдын амьдралаа залгуулж байсан энэ үйлдвэр хувьчлагдсан он буюу 1997 оноос хойш 2-3-хан жилийн дотор дампууралд орсон байна. Бусдын бүтээн босгосныг нураан унагаж дахин хөл дээр нь босгохын аргагүй болгож болдгийн жишээ энэ үйлдвэрийн өнөөгийн дүр зургаас харагдаж байна. Гэхдээ боломж байвал зориулалтын дагуу баригдсан “Алтайн буян” хүнсний үйлдвэрийг дахин босгож болохыг үйлдвэрийн ажилчид хэлж байна. Ямартаа ч үйлдвэрийг хувьчлан тогтвортой ажиллуулна хэмээн амлаж, олон ажилчдын хувьцааг хууль бусаар аван үйлдвэрийг дампууралд оруулж зориулалтын бусаар ажиллуулж байсан этгээдээс үйлдвэрээ буцаан авч чадсан учраас цаашид гарц шийдэл байгаа байх, аймаг орон нутгийн удирдлагууд дэмжинэ гэдэгт итгэл дүүрэн байгаагаа “Алтайн буян” хүнсний үйлдвэрийн ажилчид хэлж байна. Хувьчлагдах хүртлээ, талх нарийн боов, чихэр, архи, сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, гоймон пүнтүүз гэсэн нэр төрлийн 30 гаруй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол нэг нэгээрээ үйлдвэрлэлээ зогсоосоор өнөөдөр юу ч үгүй болжээ. Хэрэв тогтвортой үйл ажиллагаагаа явуулсаар байсан бол өнөөдөр Ховд аймгийн олон брэнд бүтээгдэхүүнүүд бий болох байсан нь мэдээж юм. tv9.mn

Холбоотой мэдээ