TV8

Responsive image

Ахмадуудын тэтгэврийн нэмэгдлийг 3-р сарын мөнгөн дээр нэмж олгожээ

2015-03-26 Ахмад настай иргэдийн тэтгэврийн мөнгийг 20-22 мянган төгрөгөөр нэмэгдүүлээд байгаа. Хэдийгээр 2-р сарын тэтгэврийн нэмэгдлийг тухайн сард нь олгож чадаагүй ч 3-р сарын тэтгэврийн нэмэгдэл дээр нэмж олгосон байна. Тэтгэврийн нэмэгдэлд нийтдээ 94 тэрбум төгрөгийг төсөвлөөд байгаа юм. Монгол улсад 330 гаруй мянган ахмад настан 195 000 төгрөгөөс 1 сая төгрөг хүртэлх тэтгэврийг авдаг. Ахмад настны тэтгэврийн нэмэгдлийг өнгөрсөн 2-р сарын 1-нээс өндөр тэтгэвэртэй иргэдэд бага хэмжээгээр, бага тэтгэвэртэй иргэдэд арай илүү хэмжээгээр нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Тодруулбал, улсын төсвөөс баталсан 94 тэрбум төгрөгийг нийт ахмадуудад хүртээмжтэй хуваарилах зарчмаар 500 мянган төгрөг хүртэлх тэтгэвэр авдаг ахмадууд 20 мянган төгрөгийн нэмэгдэл, 500 мянгаас дээш тэтгэвэр авдаг ахмадуудад 22 мянган төгрөгийн нэмэгдлийг олгож эхлээд байна. Ахмад настнуудын тэтгэврийг бодит байдлаар 40 орчим хувиар нэмэх шаардлагатайг ахмадууд хэлж байгаа. Гэсэн хэдий ч хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж, төсвөөс баталсан 94 тэрбум төгрөгийг хүртээмжтэй хуваарилах байдлаар ахмадуудын тэтгэврийг дээрх байдлаар нэмээд байгаа. Сард 330 гаруй мянган ахмадад нийгмийн даатгалын шимтгэлээс 83 тэрбум төгрөгийг тэтгэвэрт олгож байсан бол тэтгэврийн нэмэгдэлтэй нийлээд 90 гаруй тэрбум төгрөгийг олгож байна. Ахмадуудын тэтгэврийг жил бүр хүртээмжтэй нэмэгдүүлэхэд нийт иргэдийн цалинг тогтмол нэмэх шаардлагатай байгаа ч сүүлийн 2 жилд аж ахуйн нэгжүүдийн цалин нэмэгдэхгүй байгаа нь нийгмийн даатгалын шимтгэлийн орлогод нөлөөлж эхэлсэн байна. tv9.mn

Холбоотой мэдээ