TV8

Responsive image

Германий “Опель” компани Орос улсыг орхино

2015-03-27 “Опель” компани Оросын автомашины зах зээлд асар их найдлага тавьж байсан юм. Оросын автомашины зах зээл удахгүй Европ тивд хамгийн том зах зээл болохын даваан дээр ирээд байлаа. 2013 оны байдлаар Германий “Опель” компанийн хувьд Оросын зах зээл нь Их Британи ба Германы зах зээлийн дараа ач холбогдлоороо 3-рт бичигдэж байв. Гэтэл 2014 оны дундуур “Опель” компани өөрийн бүтээгдэхүүнийг борлуулж чадахгүй болжээ. 2014 оны 9-р сард “Опель” компани Орос дахь автомашины үйлдвэрлэлээ эрс багасгаж, 500 орчим ажилчдыг цомхотгосон юм. 2015 он бол Орост байгаа “Опель” компанийн хувьд сүйрлийн жил болж хувирчээ. “Опель” компанийн захирал Карл Томас Нойман хэлэхдээ, «Оросын зах зээлийн ирээдүй тийм ч сайхан биш, богино хугацаанд төдийгүй хэтийн ирээдүйд ч гэсэн тааруухан гэдэг дүгнэлтэнд бид хүрсэн. Орос дахь бизнесээ хамгаалахын тулд бид эрс шийдэмгий арга хэмжээ авсан» гэжээ. “Опель” компанийн хувьд Орос дахь бизнесээ орхиход хүргэсэн гол шалтгаан бол шинэ машины захиалга буурсан явдал юм. Энэ оны 2-р сард тус компани Орос улс даяар ердөө 919 машин борлуулж чаджээ. Энэ бол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 82 хувийн бууралт гэсэн үг юм. Мөн түүнчлэн рублийн ханш буурсан нь машины борлуулалтанд муугаар нөлөөлжээ. Орос дахь “Опель” компани машины эд ангиудынхаа ихэнх хэсгийг гадаад орнуудаас оруулж ирдэг байжээ. Германы экспертүүдийн үзэж байгаагаар бол Орос улсыг хүнд сорилт хүлээж байгаа ажээ. “Опель” компани 2015 онд Орос улсад 70000 машин зарах төлөвлөгөөтэй байжээ. Одоо энэ нь боломжгүй болсон болохоор “Опель” компани эдгээр машинуудыг Европын бусад зах зээл дээр зарахыг оролдох болно. Германы экспертүүдийн хэлж байгаагаар бол гадаадын хөрөнгө оруулагчид Орос зах зээл дээр жилд 5 сая машин зарах санаатай байжээ. Одоо хамгийн сайндаа 1,5 сая машин зарагдах боломж байгаа ажээ. “Опель” компани Орос дахь үйлдвэрээ 2015 оны 12-р сарын дундуур хаах юм. Санкт-Петербург хотод байдаг үйлдвэрийг 12-р сарын эцсээр хаах болжээ. Үүний улмаас 1000 гаруй хүн ажилгүй болох юм. tv9.mn

Холбоотой мэдээ