TV8

Responsive image

Дүүрэн зорчигчтой автобус урсгал сөрж, гурван машин мөргөлөө

2015-04-01 Саяхан Дарь-Эхийн зам дээр том оврын автобус суудлын гурван автомашиныг мөргөсөн осол гаргасан байна. Том оврын автобус тухайн үед дүүрэн зорчигч тээвэрлэж явсан ч иргэдэд ноцтой аюул учраагүй. Харин мөргүүлсэн гурван автомашинд их хэмжээний хохирол учирсан болохыг жолооч нар нь хэлжээ. “Сэлх-Мишээл экспо” чиглэлд явсан автобус өглөө ажлын цаг эхлэх үеэр дүүрэн зорчигчтой явсан. Гэтэл хоёр эгнээтэй нарийн зам дээр урсгал сөрж яваад эсрэг урсгалаас ирж явсан “Приус” маркийн авто машиныг жолоочийн эсрэг талаас мөргөж, өмнөө байсан “Марк-2” болон “Спасю” маркийн автомашиныг дарааллан мөргөсөн байна. Автобусанд мөргүүлсэн жолооч нарын хэлж байгаагаар зорчигч дүүрэн явсан энэ автобусны жолооч урсгал сөрж, хүнээ булаацалдан уралдаж байгаад гурван автомашиныг мөргөсөн гэдгээ хэлж байна. Өөр нэг шалтгаан нь автобусны жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэдгийг жолооч нар хэлж байсан юм. Автобусны жолооч 1992 онд төрсөн. В,С, Д ангиллын жолооны үнэмлэхтэй, автобус жолоодоод хоёр жил болж байгаагаа хэллээ. Гэхдээ түүнийг өглөө автобус бааз дээрээс автобусаа жолоодоод гарахад нь хөдөлмөр аюулгүй байдал болоод, архи согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгалгүй нийтийн тээвэрт гаргаснаас осол гарах шалтгаан болсон ч гэж зарим тайлбарлаж байгаа юм. Ямартай ч Улаанбаатар хотын замын цагдаагийн газраас ослын шалтгааныг тогтооно. Хэдийгээр хүний амь нас эрсдээгүй ч зарим нэг зорчигч гэмтэл авч, эмнэлэг явсан байсан юм. Энэ хэргийг Улаанбаатар хотын замын цагдаагийн газарт шалгаж, буруутай этгээдийг тогтоох юм. tv9.mn

Холбоотой мэдээ