TV8

Responsive image

Эйфелийн цамхаг баригдсаны 126 жилийг нүсэр тэмдэглэсэн байна

2015-04-02

Францын алдарт Эйфелийн цамхаг баригдсаны 126 жилийн ойн өдөр тохиож байна. Түүнийг зохиогч Александр Густав Эйфелийн нэрээр нэрийджээ. Уг цамхаг Сена мөрний зүүн эрэгт Марсын талбайд телевизийн антены хамт 324 метрийн өндөрт сүндэрлэдэг. Нийтдээ 300м өндөр тус цамхаг 1930 оныг хүртэл дэлхийн хамгийн өндөр байгууламж байжээ. Гурван давхар бөгөөд 1-р давхар нь 57 м өндөрт 345 шат, 2-р давхар нь 125 м өндөрт дахин 359 шат байдаг бол 274м өндөрт байх 3-р давхарт нийт 1652 шат бий цахилгаан өргүүр байх тул шатаар алхах шаардлагагүй. Цамхаг нийт 10000 тонн жинтэй ба тойргийн хэмжээ 88.3 м. Парис хотын хамгийн өндөр барилга болох энэ цамхаг салхинд 6-7 см хэлбэлзэлтэй найгадаг байна. Долоон жилд нэг удаа зэврэхээс хамгаалах засвар үйлчилгээнд 50-60 тонн будаг хэрэглэдэг аж.Түүхийн хуудас сөхвөл Францын засгийн газар 1884 онд Францын Их Хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан 1889 онд Парис хотноо Дэлхийн үзэсгэлэн яармаг зохион байгуулах шийдвэр гаргажээ. Уран бүтээлчдийн дунд зарласан уралдаанд түрүүлсэн уг цамхгийг 1887 оны 7-р сарын 26-аас барьж эхэлсэн аж. Түүнийг барихад 700-гаад зураг төсөл үйлдэгдэж, 18000 хэсэг төмөр хийцийг 2.5 сая ган холбоосоор холбож, сард дунджаар 15 м өндрийн хурдтайгаар хэдэн зуун хүний хөлс хүчээр 1889 оны 5-р сарын 6-нд баригдаж дуусчээ. Цамхаг баригдсан цагаасаа эхлээд гайхамшиг гэхээсээ илүү нүдэнд орсон хог мэт нийслэлчүүд төдийгүй нийгмийн нэр хүндтэй зүтгэлтнүүдийн шүүмжлэлийн бай болж байсан аж. Зохиолч Ги Дө Моппассан цамхагт байрлах зоогийн газарт байнга зочлох дуртай байсан бөгөөд уг цамхаг харагдахгүй ганц газар Парист үлдсэн нь энэ хэмээн ёжилдог байжээ. Гэвч XX зууны эхэн үе гэхэд цамхгийн гоо сайхныг магтан дуулах яруу найрагч, зураачид олширсон байна. 1909 онд цамхгийг нураах төлөвлөгөөтэй байсан боловч радиотелеграфын антенд ашиглахын тулд Эйфелийн цамхаг бүрэн бүтэн үлджээ. Одоогийн байдлаар 200 сая гаруй хүн очиж сонирхсон ба энэ нь дэлхий дээр хамгийн их хүн үзсэн төлбөртэй дурсгалын газар аж.

tv9.mn

 


Холбоотой мэдээ