TV8

Responsive image

Тартан зам хэзээ тавигдах вэ?

2015-04-06

Монголын хөнгөн атлетикийн тамирчдын хүсэн хүлээсэн тартан замын асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй хэвээр байна. Энэ нь манай улсаас гарах мөнгөн дүн өнөөдрийг хүртэл шийдэгдээгүйтэй нягт холбоотой юм.Тиймээс тухайн мөнгөн дүнг яаралтай Италийн “Мондей” компанийн данс руу шилжүүлэхгүй бол тартан замын асуудал мөрөөдөл төдий болох талаар ОУ-ын хөнгөн атлетикийн холбоо мэдээллээ.

Манай улсын хөнгөн атлетикийн тамирчид стандартын тартан замгүй учраас бэлтгэл сургуулилт хийхэд ихээхэн хүндрэл учирдаг.Тэгвэл өнгөрсөн жилээс эхлэн яригдаж эхэлсэн ОУ-ын хөнгөн атлетикийн холбооны буцалтгүй тусламжийн хүрээнд манай улсад иж бүрэн тартан замыг бэлэглэхээр болсон.Үүний тулд манай улсаас тодорхой хэмжээний мөнгөн дүнг гаргахыг санал болгож үлдсэн буюу дийлэнх мөнгийг ОУ-ын хөнгөн атлетикийн холбоо шийдвэрлэхээр болж байсан юм.Тэгвэл өнөөдрийг хүртэл монгол улсын биеийн тамир спортын хороо хөнгөн атлетикийн тамирчдад нэн шаардлагатай байгаа тартан замын мөнгийг төсөвтөө тусгасан ч тухайн компаний данс руу хийгээгүйн улмаас тартан зам тавигдах асуудал мөн л хойшлоод байна.Энэ байдал хэрвээ удаан үргэлжилвэл тартан замын асуудал мянга нэгэн шөнийн үлгэр болж хувирах нь ээ.

Хөнгөн атлетикийн зарим нэг тамирчид хөгжил сайтай улс руу бэлтгэл сургуулилтаа хийхээр  жилийн 4 улирлыг харийн оронд өнгөрөөдөг. Бэлтгэл хийхийн тулд нэг тамирчин ойролцоогоор 50-60 сая төгрөгийг гадны улсад зарцуулдаг гэсэн тооцоо бий.Тэгвэл өөрийн эх орондоо бэлтгэлээ базъя гэхээр зориулалтын зам талбайгүй, за тэгээд боломж бололцоогоо дайчлаад бэлтгэл хийе гэхээр машин тэрэг, хашаа хайс нь тухайн тамирчдыг бэлтгэл хийхэд садаа болоод зогсохгүй, гэмтэл учруулах тохиолдол ч байдаг байна. Ингээд эцсийн дүнд тамирчид төр засгаа ганц тартан зам тавиад өгчих болов уу гэсэн горьдлоготойгоор хүлээцтэй хандаж байсан ч шалдан гуя бардам ам гэхчээр наанаа толгой дохиож, цаанаа шийдэж ядаж байгаа дарга нараасаа өнөөдөр ч мөн тартан замын асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн хэвээр байна.

tv9.mn

 


Холбоотой мэдээ